Нийгэм

Манай улс арьс ширээ хагас боловсруулаад экспортолдог. Гадагшаа гарсан түүхий эд, гутал, хувцаснаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болсныхоо дараа эргээд өндөр үнэтэй орж ирсээр олон жил өнгөрч байна. Тэгвэл Монгол малын арьсаар хийсэн гутал анх удаа загвар материалаас эхлээд олон улсын стандарт хангаж, аль ч улс руу экспортлох нөхцөл бүрдлээ. Цаашдаа малын арьсаа дотооддоо боловсруулдаг байхад анхаарах ёстойг үйлдвэрлэгчид хэлж байна.

Дотооддоо гутал үйлдвэрлэж байгаа компаниуд олон улсын чанарын удирдлагын тогтолцоо 9001-2015 стандартыг үйл ажиллагаандаа анх удаа нэвтрүүллээ. Ингэснээр “МОНГОЛ МАЛЫН АРЬСААР ХИЙСЭН ГУТАЛ ЧАНАРТАЙ, ЭДЭЛГЭЭ САЙН ДААДАГ” гэх нэр хүндээ олон улсад хадгалах, дотооддоо үйлдвэрлэсэн гутлаа  гадагшаа экспортод гаргах боломж нээгдлээ. 

Тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, энэ стандартыг нутагшуулж анхдагчдын нэг болсон best shoes компанийн үйл ажиллагаатай бид танилцсан юм. 4 хүн анх үүсгэн байгуулсан компанид өнөөдөр 100 гаруй ажилтан ажиллаж байна. Өнгөрсөн жил 50 мянган хос гутал үйлдвэрлэсэн.  Харин чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж гадагшаа гаргах боломж нээгдсэн учир тоо нэмэгдэх байх гэсэн итгэл найдварыг тээж байгааг компаниудын удирдлагууд хэллээ.  Дэлхийн зарим улс оронд ч бүтээгдэхүүнээ хүргүүлж, танилцуулга ч хийгээд эхэлжээ. 

Малын гаралтай түүхий эдийн үнэ унаж, баялаг гэхээсээ илүү хог болон хувираад удаж байна. Энэ байдлыг өөрчлөх, арьс ширний үнийг өсгөхөд тодорхой нөлөөлөл бий болно гэж компаниудын төлөөллүүд мөн хэлсэн юм.