Нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д айлчилж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзсан.

Айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс цар тахлын хүнд хэцүү үеийг туулж буй БНХАУ-ын талд сайн санааны тусламж болгон 30 мянган толгой хонийг бэлэглэж буйг мэдэгдэж, гэрчилгээг гардуулсан билээ.

Монголын ард түмнээс БНХАУ-д бэлэглэж буй 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд боллоо.

Ёслолын арга хэмжээнд, Монголын талаас Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Ш.Адьшаа, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, БНХАУ-ын талаас БНХАУ-ын Худалдааны яамны туслах сайд Рэнь Хунбинь, ӨМӨЗО-ны Ардын засгийн тэргүүлэгч Бү Шяолинь, мөн Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй нарын албан ёсны төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, “…Хятадын ард түмэн КОВИД-19 цар тахалтай ид тэмцэж байсан үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөд хөршдөө айлчлал хийж, Монголын ард түмэн Хятадын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгааг илэрхийлсэн нь манай ард түмэн “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг үгийг эртнээс хэрэглэж, хувь хүн, айл өрх, улс орнууд бие биендээ харилцан тусалж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх замаар тулгарсан бэрхшээлийг хамтран туулж, хамтын хүчээр хөгжил дэвшилд хүрэх үзэл санааг баримталж ирсэнтэй холбоотой” гэдгийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаачилгыг манай ард иргэд халуун дотноор дэмжиж, хөрш орны ард түмэнд сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлэх аян улс орон даяар өрнөж, малчин түмэн маань идэвхтэй оролцсон тухай дурдлаа.

Мөн халуун хошуут хонин сүргээсээ дээжлэн өгч буй Монголын ард түмний сэтгэлийн бэлэг Хятадын ард түмний сэтгэлд хүрч, хоёр ард түмний өнө удаан жилийн нөхөрлөл, найрамдлыг улам бүр бэхжүүлсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч сэтгэл хангалуун байгааг илэрхийлэв.