Нийгэм

Сүүлийн өдрүүдэд циркийн асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. 80 жилийн түүхтэй энэ урлаг "цирк" хэмээх зориулалтын байшинд үзүүлбэрээ үзүүлдэг онцлогтой. Тэгвэл сүүлийн 13 жил өөрийн гэсэн байргүй, сургуулийн заал танхимд бэлтгэл сургуулилт хийж иржээ. Циркийн урлаг зогсонги байдалд орсон учраас багш, жүжигчид нь гадны улс орныг зорих болсон байна. Дэлхийд чансаагаараа 3-т бичигдэж байгаа Монгол цирк энэ янзаараа мартагдах дөхөж байгаа учраас төр засаг анхааралдаа авахыг жүжигчид хүслээ.

Нэгэн үе Монголын циркчид ур чадвараа дэлхийд үнэлүүлж, эрэмбэрээрээ гуравт үнэлэгдэж байсан. Цаашид энэ нэр хүндээ хадгалах, залгамж халаагаа бэлтгэх, циркийн урлагийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллахыг тэд ийнхүү хүслээ.

Дэлхийд данстай циркийн урлагийн бодлого алдагдаж, залгамж халаагаа бэлтгэх байргүй болсон нь хувьчлалтай холбоотой. Мөн циркийн барилгыг хувьчилснаас хойш гурван жил л цалин урамшуулал олгожээ. Үүнээс хойш цалингүй, жижиг продакшнуудад жүжигчид хуваагдан оршин тогтнож ирсэн гэлээ.

Өнгөрсөн хугацаанд хуучин циркийн барилгад бэлтгэл сургуулилт хийж байсан ч 2015 онд галд өртөж, улмаар актлагдсан байна. Иймд майхан циркт бэлтгэл хийж эхэлжээ. Гэвч өвлийн улиралд бэлтгэх хийх боломжгүй учраас Монголын мэргэжлийн циркчдийн холбооноос циркийн сургуулийн барилгыг яаралтай барьж өгөх, хуучин циркийн барилгыг шинэчлэн ордон барьж өгөхыг шаардан салбарын яамд ханджээ.

ЦИРКИЙН СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ БАРЬЖ ӨГӨХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ