Нийгэм

Цэрэгт явах хүсэлтэй залуусын тоо эрс нэмэгджээ. Ялангуяа барилгын цэргийн ангид цалинтай алба хааж, эх орныхоо бүтээн байгуулалалтад оролцохоор ирснээ олон залуус хэлжээ. Нийслэлд цэрэг татлага явагдсан эхний өдөр л барилгын цэргийн анги дайчдаар дүүрч, цэргийн тоо бүрдсэн байна. Цэрэг татлагын явцаас мэдээлэл хүргэе.

Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн, цэрэгт алба хаах хүсэлтэй залуусын тоо, идэвх нэмэгджээ. Зарим нэг нь хоног тоолон хүлээсэн байна. Тэдний нэг бол П.Мөнх-Амгалан. Хавар цэрэг татлага болоогүй, тиймээс намрын цэрэг татлага болохыг их хүлээлээ. Цаашид цэргийн хүн болох мөрөөдөлтэй учир гэрээт цэрэг болно гэж тэрээр хэлсэн юм. Эр цэргийн албанд мордож байгаа эх орны хөвгүүдээ үдэн мордуулахаар гэр бүлийнхэн нь ирсэн байлаа. Дарга нарынхаа өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж, олон аавын хөвгүүдтэй эвтэй байхыг Мөнх-Амгалангийн эмээ захиж, нулимстай нүдээр хүүгээ үдэн мордууллаа.

АЛБА ХААХ ХҮСЭЛТЭЙ ЗАЛУУСЫН ТОО НЭМЭГДСЭН

2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа учраас халдвар хамгааллын журмыг мөрдөж ажиллаж байна.

Алба хаах хугацаандаа залуучууд цэргийн хэргийн мэдлэг эзэмшихээс гадна тухайн ангийн онцлогоос хамаарч мэргэшил эзэмшдэг. Улмаар халагдаж ирээд тухайн мэргэжлээрээ ажиллах боломжтой байдаг байна. Дүүргийн цэргийн штабаас халагдсан даруйд нь ажилд зуучилдаг. Энэ мэтчилэн олон талын боломж олгодог учир залуучууд цэргийн алба хаах сонирхол нэмэгджээ.