Нийгэм

Хүүхэд хамгаалалд онцгой анхаарахыг сануулсан дахин нэг харамсалтай үйл явдал нийслэлд боллоо. Дөрвөн хүүхэд монгол гэрт өдрийн цагаар галд өртөн харамсалтайгаар амь насаа алдсан байна. Хүүхдүүдийг гэрт цоожлон орхисон байжээ. Эмгэнэлтэй үйл явдал хэдхэн хормын дотор болж өнгөрснийг ойр хавийнхан нь хэллээ.

СХД, Нарангийн голд байх айл 3-7 насны дөрвөн хүүхдийг цоожлон үлдээсэн бөгөөд гал гарч, ийнхүү харамсалтай хэрэг гарчээ. Тэд хоёр айлын хүүхэд байсан мэдээлэл байна.

Өчигдөр 16:05 цагт айлын гэр шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Таван ханатай гэр, гарааш, хашаа галд өртсөн байна. Мөн гэрт байсан 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ хамт шатаж, амь насаа алджээ. Эцэг эхчүүд бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байхыг анхаарууллаа. Гал юунаас болж гарсан гэдгийг тодруулахаар ажиллаж байна.