Нийгэм

Дэлхий дахинд аялал жуулчлалын салбарын 95 гаруй хувь нь зогсонги байдалд оржээ. Энэ салбарын 2.5 сая хүн ажлын байргүй болсон судалгаа ч бий. Манай улсын хувьд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж, тасралтгүй авч явах бодлогын хүрээнд аялал жуулчлалын үзэсгэлэнг нээгээд байна.

Тухайлбал, Архангай аймаг Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо, Тайхар чулуу, Тамирын гол гэсэн маршрутаар аяллын чиглэл нээжээ. Тэгвэл Баянхонгор аймаг Шаргалжуутын рашаан сувиллаа хөгжүүлснээс гадна байгалийн үзэсгэлэнг тольдох их Богд уулын аялал зэргийг санаачилжээ. Мөн уран дархчуудаараа алдартай Сүхбаатар аймаг Дарьганга хийцээ гайхуулж байгаа бол Өвөрхангай амтат цагаан идээний аялал ч бий болгосон байна.

Үзэсгэлэнд МИАТ компани сонирхолтой бүтээгдэхүүнтэй оролцохоор иржээ. Тэд агаараас эх орныхоо байгалийн сайхныг тольдох боломжийг нээсэн байна. Боинг-737 онгоцоор нисэж эх орныхоо өнцөг булан бүрт очих боломж бүрдүүлсэн байна.

Ийм байдлаар дотоодын аялал жуулчлалыг идэвхтэй байлгахаар салбарын яам бодлого баримталжээ. Ингэснээр МИАТ-ийн нислэг хүнээр дүүрч, байгалийн үзэсгэлэнт газар амарч зугаалах иргэдийн тоо нэмэгджээ. Ковид-19 халдварын нөхцөл байдал хүнд ч байгаа ч үүнийг даван гарахын тулд, аялал жуулчлалын салбарыг тасралтгүй үргэлжлүүлэх бүхий л арга замыг эрэлхийлж байгааг салбарын сайд онцоллоо.

Ковид-19 цар тахал дэлхийн нийтэд хүндхэн нөхцөл байдал үүсгээд байна. Дахин хөл хорио тогтоож халдвараас хамгаалж байгаа юм. Харин манай улс хүн ам дунд алдаагүй, найдвартай хамгаалж байгаа учраас аялал жуулчлалаас эхлээд бусад салбараа дэмжих боломж бүрдэж байгааг засгийн газрын тэргүүн онцоллоо. Гэхдээ аюулгүй байдлын үүднээс эрүүл мэндийн байгууллагын заавар зөвлөмжийг сайтар дагах ёстойг ч санууллаа.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ