Спорт

Японы улсын нийслэл Токио хотноо 2020 онд болох Зуны Олимпийн наадмын спортын уралдаан тэмцээний тасалбарын 2 дахь шатны борлуулалтын үйл явц эхэлж байна. Тасалбар борлуулах үйл явц энэ сарын 13-наас эхэлж, нийтдээ сая гаруй тасалбар зарахаар төлөвлөж байгаа юм. 

“Токио-2020” Олимпийн наадмын тасалбарын эхний шатны борлуулалтын үеэр нийтдээ 3 сая 570 мянга гаруй тасалбар зарсан байна. Энэ үеэр зохион байгуулагчдын зүгээс тооцоолж байснаас 10 дахин их тасалбар зарагдаж, тасалбарын борлуулалт богино хугацаанд дууссан нь Олимпийн наадмын тэмцээн уралдааныг үзэх хүсэлтэй ч тасалбар авч чадаагүй хүмүүсийн зүгээс ихээхэн гомдол дагуулжээ. Тиймээс тасалбар нэмж борлуулан, боломжтой бүхий л тэмцээн уралдааны үзэгчдийн суудлыг дүүргэхийн төлөө ажиллах болно гэж “Токио-2020” наадмын тасалбар борлуулах албаны дарга Хидэнори Сузуки мэдэгджээ. Олимпийн наадмын зохион байгуулагчдын үзэж байгаагаар Токиогийн Зуны Олимпийн наадмын үеэр нийтдээ 7 сая 800 мянга гаруй тасалбар борлуулах боломжтой гэж тооцоолж байгаа юм. Эдгээр тасалбарын 70%-ийг Японы иргэд худалдан авах бололтой. Үлдсэн тасалбарыг улс орнуудад Олимпийн наадмын ивээн тэтгэгч байгууллагууд, Үндэсний Олимпийн хороод болон ОУОХ, Спортын холбоодоор дамжин зарагдах юм байна. Токиогийн Олимпийн наадмын тасалбарын борлуулалт ирэх 12-р сарын 18-нд дуусгавар болох гэнэ.