Спорт

Японы Vissel Kobe багт тоглодог, Испанийн хөлбөмбөгийн од тамирчин Дэвид Вилья энэ улирлын сүүлээс эхлэн багаа орхиж байгаа талаараа мэдээлжээ. Дэвид Вильягийн тоглодог Vissel Kobe баг энэ талаар лхагва гарагт хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ мэдэгдсэн байна. 

37 настай Дэвид Вилья энэ улирлын тоглолтоо дуусгаад Японы багтай гэрээгээ цуцалж байгаагаас гадна их спортоос зодог тайлах талаар бодож байгаа тухайгаа ярьжээ. Учир нь түүний насан дээр тоглолтын үеэр гэмтэл бэртэл авч болзошгүй эрсдэлтэй байдаг учраас тэрээр хөлбөмбөгөө орхиж магадгүй талаараа сэтгүүлчидтэй хуваалцсан байна. Вилья гэрээний үүргээ биелүүлэн энэ улирлын тоглолтоо дуусгаад, Японы эзэн хааны цомын төлөөх тэмцээнд оролцоод хөлбөмбөгийн спортоо орхих талаараа мэдэгджээ. Японы хөлбөмбөгийн Лигийн улирлын тэмцээнийг дуусгахад дахин 3 тоглолт дутуу байгаа юм. Дэвид Вилья нь Испанийн шигшээ багаа 2010 онд Дэлхийн аварга болоход голлох үүрэг гүйцэтгэж, 5 бөмбөг оруулж байсан. Түүнчлэн тэрээр Валенсия, Барселона зэрэг багт тоглон өнгөрсөн оны 12-р сараас хойш Японы Vissel Kobe багт тоглож байгаа юм.