Ц.ДЭЛГЭРМАНД: Хүүхэд өнгө хараад хайрлах хүнийхээ хүйсийг өөрчилдөг асуудал байхгүй

Нийгэм

Хурц тод өнгийн тоглоом нь буруу сэдэл төрүүлэх зүйл биш.

Нийгмийн сүлжээнд талцал үүсгээд байгаа поп ит тоглоом хүүхдийн сэтгэхүй тэр дундаа бэлгийн чиг хандлагад ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг мэргэжлийн хүн хэллээ.

Хүний төрсөн цагаас эхлэн бэлгийн чиг хандлага нь тодорхой болсон байдгийг онцолж байна. Харин цөөнхийн тухайд өөрийгөө нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх эсэхэд эргэлзэн өөртэйгөө ижил нэгнийг хайсаар тэр бүр ил гаргадаггүйг хэллээ.

Хэн нэгэнд уруу татагдах, тэр дундаа өнгийн тоглоом тоглоод хүүхдийн сэтгэхүй, чиг хандлага өөрчдөгдөнө гэх зүйл огт байхгүйг сануулж байна.

Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Одсүрэн нийтийн тээврийн хэрэгслийн гадна талд байрлуулсан ЛГБ төвийн сурталчилгааны хуудсыг хуулуулсан нь олон нийтийн дунд маргаан дагуулсан.

Тэрээр ингэх болсон шалтгаанаа поп ит тоглоомын өнгөтэй холбон тайлбарласан. Тодруулбал сүүлийн үед багачуудын сонирхох болсон тоглоомын өнгө билгийн цөөнхийн билэгдэлтэй ижил учраас ийм алхам хийсэн гэж цахим хуудсандаа нийтэлсэн.

Тэгвэл поп ит тоглоомтой ижил өнгийн олон тоглоом бий. Тэд бүгд хүүхдийн сэтгэхүйд сөрөг нөлөө үзүүлж чиг хандлагыг нь өөрчлөхгүй гэсэн юм.

Билгийн цөөнхийг өнгө үзэл суртлаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг санууллаа. 2019 онд олон улсын Оклэндын их сургуулийн эрдэмтэн докторууд эрүүл хүүхэд олон өнгийн будаг ашиглан зурдаг тухай судалгааг гаргаж байсан.

Эрүүл хүүхэд зурахдаа олон өнгийн будаг ашигладаг бол бие нь тааруу сэтгэл гутралтай хүүхдүүд  өнгө будаг төдийлөн хэрэглэдэггүй хар бараан өнгийг сонгож байжээ. Тиймээс поп ит өнгийн тоглоом хүүхдийн сэтгэхүй тэр дундаа чиг хандлагад огт сөрөг нөлөөгүйг онцолж байгаа юм.