Спорт

Монголын дугуйчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн амжилттайгаар 60 жилийнхээ ойг угтаж байна. Энэ байгууллага 1959 онд байгуулагдаж, 1960 оны долоодугаар сард дэлхийн унадаг дугуйчдын холбоонд элсэж байсан түүхтэй.  Өдгөө 42 баг, клубын улсын зэрэг цолтой нийт 280 гаруй тамирчинтай болон өргөжиж, Ази, Европ тив дэлхийн уралдаан тэмцээнээс нийт 600 орчим алт, мөнгө, хүрэл медалийг эх орондоо авчирсан байна.

“Олон улсад үзүүлсэн амжилтаараа ТОП 6-д багтах болсон Монголын ууган спортын энэ төрлийг цаашид улам хөгжүүлэхийн төлөө Монголын дугуйн холбоо 2017-2020 оны бодлого, зорилт тавьж ажиллажээ. Монголын дугуйн холбоо сүүлийн хоёр жилийн хугацаанд мэргэжлийн дугуйн спортыг хөгжүүлэх хүрээнд дотоодын чанартай нийт 50 орчим уралдаан зохион байгуулж, гадаадын 20 гаруй тэмцээнд тамирчдаа оролцуулсан байна. Мөн байгаль орчинд ээлтэй унадаг дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчилж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үүднээс Дугуйн парад зэргийг улсын хэмжээнд зохион байгуулснаар дугуйн спорт сонирхогчдын тоо жил бүр нэмэгдэж байна” гээд 1964, 1980, 1992, 1996 олимпод оролцож байсан амжилтуудыг түүчээлж цаашид олимпийн наадамд оролцох эрх авахын төлөө тамирчдаа дэмжин, тэмцээн уралдаанд оролцох боломжоор ханган ажиллана гэдгээ МДХ-ны ерөнхийлөгч П. Ганхүү ярилаа.

Сүүлийн хоёр жилд олон улс, тив дэлхийн уралдаан тэмцээнд оролцож буй тамирчдаа дэмжин ажилласны үр дүнд багагүй амжилтууд гарсныг албаныхан онцолж байна. Тухайлбал, 2018 онд Азийн аварга шалгаруулах тэмцээний Засмал замын дугуйн Under-23 ангиллын бөөн гараат уралдаанаас ОУХМ С.Жамбалжамц, Track дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын төрлөөс ОУХМ Б.Тэгшбаяр нар хүрэл медаль хүртсэн нь Монгол Улсын түүхэнд анхдагч болон бичигджээ.

ОУХМ Т.Пүрэвдорж Ази, Номхон далайн орнуудын мастеруудын анхны наадмын 60, 70 насны ангиллын тэмцээний хошой алтан медаль, ОУХМ С.Түмэндэмбэрэл, ОУХМ Х.Пүрэвсүрэн нар Засмал замын дугуйн 2018 оны Мастеруудын Азийн АШТ-ээс тус бүр хүрэл медаль хүртсэн нь салбарын түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал болсон юм. Дугуйн спортын 60 жилийн ойн үеэр тамирчид энгэрээ мялааж, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, БСШУЯ-ны жуух бичиг, МҮОХ-ны Олимпийн алдар медаль, БТСГ-ын Алтан од, Спортын алдар, Хүндэт тэмдэг зэрэг шагнал хүртлээ.