AFP/GETTY IMAGES

Спорт

Дэлхийн допингийн эсрэг агентлаг буюу WADA –гаас ОХУ-ын эсрэг хориг тогтоож, Оросын тамирчдыг ирэх 4 жилийн хугацаанд ямарваа олон улсын спортын тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хязгаарлан түтгэлзүүлжээ. Энэ нь олон улсын, тив дэлхийн спортын тэмцээн уралдаанд ойрын 4 жилийн хугацаанд ОХУ-ын туг далбаа мандахгүй гэсэн үг юм.

WADA-гаас гаргасан шийдвэрийн дагуу ирэх 2020 онд Японы нийслэл Токио хотноо болох Олимпийн наадам, Бээжин хотноо болох Өвлийн Олимпийн наадам, мөн Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-нд ОХУ-ын баг тамирчид улсынхаа нэрийн өмнөөс оролцох боломжгүй болж байгаа юм. WADA, ОХУ-ын тамирчдыг олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцох эрхийг хасах шийдвэрийг даваа гарагт гаргасан юм. Ингэхдээ допингийн асуудалд холбогдож байгаагүй, “цэвэр” тамирчид улсынхаа нэрийн өмнөөс биш харин “дундын статус”-гаар тэмцээн уралдаанд оролцох юм. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн тэргүүн Крейг Ридигийн мэдэгдсэнээр Москва хотын допингийн эсрэг лаборатори улсынхаа тамирчдын допингийн шинжилгээг дутуу нягталж, зарим тохиолдолд олон улсын шинжээчдийг шалгалтаар очиход шинжилгээг тулган авч, эерэг үр дүн бүхий хариу гаргаж байсныг тогтоосон гэжээ. WADA-ийн шинжээчдийн тогтоосноор Москвагийн лаборатори 2016 оноос 2019 оны эхэн хүртэлх хугацаанд Оросын тамирчдын 2012-2015 оны допингийн шинжилгээний хариуг буруу гаргаж, элдэв зөрчлийг нуун дарагдуулж байсан нь тодорхой болсон байна. Шалгалтыг Ричард Макларены тэргүүлж байгаа ажлын хэсэг явуулж, дээрх дүгнэлтэд хүрчээ. ОХУ-ын баг тамирчдын эсрэг допингийн хориг 2020 онд болох Хөлбөмбөгийн Европын аваргын тэмцээнд нөлөөлөхгүй юм байна.