Спорт

Хүй долоо худагт 30 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэх барихаас эхлээд Монгол наадам нэртэй томоохон цогцолбор байгуулагдана. Энэ ажил 2030 он гэхэд бүрэн дуусахаар төлөвлөгджээ. Үндэсний их баяр наадмын эрийн гурван наадам нэр дор төвлөрч, аялал жуулчлалын томоохон бүс бий болгохоор зорьж байгаа юм. 10 жилийн дараа баригдаж дуусах ажлын газрын асуудал бүрэн шйдэгдсэн байна.

“Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтад зориулж 2015 оны Засгийн газрын 256 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээний газрыг баталж өгсөн байдаг. Тусгай хэрэгцээний газар 40 гаруй томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр ерөнхий төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа юм. 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, морь барианы болон сур харвааны задгай асар, шагайн харвааны битүү асар, олон улсын стандартад нийцсэн морин тойруулга, жороо морины цэнгэлдэх зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Харин өнгөрсөн хугацаанд газрын асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байсан бол өнөөдөрийн байдлаар орон нутаг, нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах газрын асуудлыг үндсэндээ шийдвэрлэх шатандаа орсныг албаныхан ярьж байна.

Газрын асуудал шийдэгдэж  байгаа учир одоо  бүтээн байгуулалтын ажлаа төлөвлөхөөр салбарынхан хэлэлцэж байна. "Монгол наадам" цогцолборын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн талаар салбарынхан хуралдаж байна. Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монголын морин спортын уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо, Монголын шагайн харваачдын холбоо, Үндэсний бөхийн холбоо зэрэг байгууллагаас төлөөлүүд ирж бүтээн байгуулалтын ажилд санал бодлоо тусгаж байна.

Хүй долоон худагт өнгөрсөн хугацаанд 13600 га газарт Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, үйлчилгээний зориулалттай 6.1 га бүхий хоёр ширхэг бетонон талбай, төмөр замын 61-ийн гарам хүртэлх 8.5 км автомашины хатуу хучилттай зам, 4600 ширхэг машин зэрэг байрлуулах боломжтой авто машины зогсоол, 38 ширхэг контейнерэн нийтийн бие засах газар, агуулах, оффисын барилга, цахилгаан хөдөлгүүртэй жижиг эко автобусууд, иж бүрэн угсардаг тайз, хөгжим, гэрэл, дэлгэц зэрэгтэй болжээ.