Спорт

Японы нийслэл Токио хотноо болон Олимп, Паралимпийн наадмын бэлтгэл ажил ээлж дараалан хангагдаж, энэ удаад Олимпийн наадмын зохион байгуулах комисс Олимпийн хотхоныг танилцуулжээ. Токиогоос холгүгй Харуми дүүрэгт байрлах тамирчдын хотхоныг 44 га нутаг дэвсгэр дээр байгуулсан байна. 

Тамирчдын хотхон нь нийтдээ 21 барилга байгууламжаас бүрдэж байгаа юм. Цогцолбор барилга нь 3,850 хэсэг жигүүрээс бүрдэж, тамирчдад зориулсан 18 мянган ортойгоор багйуулагджээ. Токиогийн Олимпийн наадмын үеэр орон орны тамирчдад зориулсан өрөөнүүдэд нийтдээ 18 мянган ор гаргах бол Паралимпийн наадмын үеэр 8 мянган ортой өрөө тасалгаанууд ашиглах гэнэ. Ингэхдээ тамирчдад зориулсан орыг тусгай аргаар дахин боловсруулсан, 200 кг хүртэлх даацтай картоноор хийж, матрасыг нь мөн л дахин боловсруулсан хуванцраар хийсэн байна. Токиогийн Олимпийн наадмын үеэр зохион байгуулагчид нь байгальд ээлтэй, хог хаягдал багатай материалуудыг түлхүү ашиглаж байгаа юм. Тухайлбал Олимпийн галт бамбарыг боловсруулсан хөнгөн цагаанаар, тэмдэг тэмдэглэгээнүүдийг хуванцар хаягдлаар, мөн Олимпийн барилга байгууламжийн цахилгаан, эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр ханган ажиллах гэнэ. Түүнчлэн Олимпийн медалиудыг мөн хаягдал гар утаснаас гарган авсан үнэт металлын хайлшаар бүтээжээ. Энэ зорилгоор Японы иргэд 6 сая гаруй хэрэглэхээ больсон гар утсаа хандивлаж, тэдгээрээс 32 кг алт гарган авсан юм. Токиогийн Олимпийн наадам ирэх 7-р сарын 24-нөөс 8-р сарын 9 хүртэл үргэлжлэх бол Паралимпийн наадам 8-р сарын 25-наас 9-р сарын 6-ны хооронд үргэлжилнэ.