Австрийн Вена хотод дэлхийн II дайнд үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэж байна

Үйл явдал

Австрийн нийслэл Вена хотноо “Дурсгалын хана” байгуулж, Дэлхийн 2-р дайны он жилүүдэд нацистын Германчуудын гарт амиа алдсан Австрийн еврей иргэдийн дурсгалыг мөнхжүүлжээ.

“Дурсгалын хана”-н дээр нийтдээ 160 гаруй гантиг тавцан дээр 64 мянган хүний нэрсийг сийлбэрлэжээ. 

Вена хотноо байгуулсан дурсгалын цогцолборын нээлтэй Австрийн Холбооны канцлер Александер Шалленберг оролцсон байна. Тэрээр Дэлхийн 2-р дайны он жилүүдэд еврей иргэдийг хяхан гадуурхаж, хоморголон устгасан хэрэг явдалд Австрийн төр засгийн гэм буруу ч мөн байгааг тэмдэглэжээ.

Австри улс удаан хугацааны туршид национал-социализмын золиос болсон гэж үздэг хэдий ч 1938 оны 3-р сард Хельден-плац дахь талбайд нацистын дэглэмийг гараа өргөн дэмжин зогсч байсан түүхээ мартах учиргүй.

Еврей иргэдийн эсрэг үйлдсэн геноцидыг тухайн цаг үед Австричууд үг дуугүй хараад зогсч байсны төлөө хариуцлага хүлээх ёстой гэжээ.

Австрид Дэлхийн 2-р дайны өмнө 200 мянган еврей иргэн амьдарч байсны дийлэнх хувь нь нацистын Германы хоморголон устгалд өртөж, үлдсэн цөөн хэсэг нь улс орноо орхин дүрвэн зугтсан. Өнөөдөр Австрид ердөө 10 мянга хүрэхгүй еврей иргэд байгаа юм.