АНУ-БНХАУ-ын уур амьсгалын асуудлаарх тохиролцооны талаар улс орнууд байр сууриа илэрхийлж байна

Улс төр

Америк болон Хятадын талууд Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр яриа хэлэлцээ хийн, хамтарсан тунхаг боловсруулан гаргасан тухайгаа мэдэгдсэний дараа дэлхийн улс орнууд хоёр улсын хамтарсан гэрээний талаар байр сууриа илэрхийлж байна. 

Дэлхийн аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн, хүн ам ихтэй, мөн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаараа тэргүүлэгч Америк болон Хятадын талууд Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талаар цаашид хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тохиролцоонд хүрч, ирэх 10 жилд энэ дагуу хамтарч ажиллахаар тогтсон юм. Тэгвэл хоёр их гүрний тохиролцооны талаар бусад улс орнууд ямар байр суурьтай байгааг үзэгч танд дараах мэдээгээр хүргэе... 

Хятад Америкийн талуудын хооронд байгуулсан Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гэрээний талаар Шотландын Глазго хотод ажлаа дуусгасан олон улсын бага хурлын төгсгөлд мэдээлжээ.

Талууд 2030 оныг хүртэлх ирэх 9 жилийн хугацаанд агаар мандалд ялгарч байгаа метан хийн ялгарлыг бууруулах, ой модоо хамгаалах, түүхий нүүрсний хэрэглээнээс үе шаттайгаар татгалзах зэрэг тохиролцоонд хүрсэн юм.

АНУ-ын Уур амьсгалын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Жон Керри болон Хятадын Уур амьсгалын асуудал хариуцсан төлөөлөгч Се Жэньхуа нар хамтарсан тохиролцооны талаар мэдээлж, Жон Керри Хятад улстай байгуулсан тохиролцоо нь Глазгогийн уулзалтын хүрээнд хийгдсэн томоохон тохиролцоо болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн бол Хятадын төлөөлөгч Се Жэньхуа:

-Хятад улс хийн ялгарлыг бууруулах зорилтуудаа бэхжүүлэн, метаны хийн талаар Үндэсний хэмжээнд төлөвлөгөө боловсруулан ажиллахаар тогтсон талаар мэдэгдсэн юм. 

НҮБ-ын тэргүүн Антониу Гуттериш

Хятад-Америкийн хамтарсан Уур амьсгалын асуудлаарх тохиролцоог олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал алхам болохыг нь тэмдэглэн сайшаажээ.

Тэгвэл Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон

Глазгогийн олон улсын хурал маш хүнд хэцүү асуудлаар болж, улс орнууд нэгдсэн байр сууринд хүрэхэд хүндрэлтэй гэдгийг тэмдэглэжээ.

Глазгогийн олон улсын бага хурлаас Уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын дулаарлыг бууруулахад чиглэсэн Парисын уур амьсгалын гэрээний хэрэгжилтийг хангахад чиглэсэн асуудлаар тогтож, улс орнууд цаг уурын өөрчлөлтийг Цельсийн 1,5 градуст барих олон улсын хүчин чармайлтыг хэрэгжүүлэхээр нэгдэж байгаа юм.