Спорт

COVID-19 коронавирус хил хязгаар гэж мэдэхгүйгээр, богино хугацаанд дэлхийн улс орнуудыг аалзны тор мэт бүчин тархаж байгаатай холбоотойгоор ихэнх улс оронд олон нийтийг хамарсан арга хэмжээ, спортын тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглож эхлээд байна. 

Үнэхээр ч COVID-19 коронавирус дэлхийн мэргэжлийн их спортод хэдийнэ нөлөөлж, өнөөдөр спортын ертөнц эл хуль болж, үзэгчгүй тэмцээн уралдаан, карантин-хөл хорионд орсон багууд, цуцлагдан хойшлогдсон олон тэмцээн уралдаан, тэр байтугай хүн төрөлхтөний спортын их наадам болох Олимпийн наадмыг магадгүй жил өнжин хүлээх шаардлагатай болж байх шиг байна. Үзэгч танд коронавирусын улмаас өнөөдөр спортын ертөнцөд ямар байр байдал үүсээд байгаа талаарх мэдээллийг багцлан хүргэе....

NBA

NBA буюу Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн холбоо COVID-19 коронавирусын улмаас улирлын тоглолтуудаа цуцлан хойшлуулахаас аргагүй байдалд оржээ. Үзэгчгүйгээр сагсан бөмбөгийн тэмцээн уралдаан зохион байгуулах нь хөрөнгө санхүүгийн томоохон алдагдалд хүргэж болзошгүй учраас NBA-ийн удирдлагууд улирлын тоглолтуудаа цуцлахаас аргагүйд хүрчээ. Хэдэн хоногийн өмнө “Юта Жазз” багийн гол тоглогчдын нэг, Францын сагсан бөмбөгчин Руди Гобер коронавирусын талаар алиалж, тэрээр ийм өвчин дэгдэж байгаад итгэхгүй байгаа, тусахгүй гэдгээ хэлж хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдийн микрофоныг бүгдийг нь гараараа тогшиж, үл тоосон юм. Гэвч өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг шиг чухам Руди Гобер NBA-ийн тоглогчдоос COVID-19-ийн халдвар авч, түүнтэй хамт багийнх нь тоглогч Эмануэль Мудиай мөн коронавирусын халдвар авсан болох нь тогтоогджээ. Улмаах NBA-ийн удирдлага COVID-19-ийн дэгдэлттэй холбоотойгоор 3-р сарын 12-ны өдөр улирлын бүх тоглолтыг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна. 

НХЛ буюу Үндэсний хоккейн лиги мөн коронавирусын халдварын улмаас АШТ-ийн бүх тоглолтуудаа зогсоожээ. НХЛ-ийн тэргүүн Гэри Бэттмений мэдэгдсэнээр, Үндэсний хоккейн лигийн тэмцээнүүдийг боломжтой цаг үед, халдварт өвчин намжсан үед явуулах болно. Магадгүй COVID-19-ийн дэгдэлт богино хугацаанд буурч, сайн цаг ирсэн үед бид тэмцээн уралдаанаа дуусган, Стэнлийн цомоо гардуулах болно гэж тэрээр мэдэгдсэн байна. Одоогоор Үндэсний хоккейн Лигийн тэмцээн хэдий хугацаагаар зогсч байгаа нь тодорхойгүй байгаа юм.    

FORMULA-1 

Олон улсын Формула-1 авто уралдаан энэ сарын 14, 15-нд болох ёстой байсан ч мөн л COVID-19-ийн улмаас хойшлогдох нь тодорхой болжээ. Уралдааныг зогсоох нь зүйтэй гэдэг дээр Формула-1-ийн нисэгчид санал нэгдсэн юм. Энэ сарын 12-нд Формула-1-ийн хоёр багийн 5 нисэгчийг Австралийн Мельбурнд карантинд авчээ. Түүнчлэн энэ өдөр Макларен багийн нэг гишүүнд мөн коронавирусын халдвар илэрсэн байна. Формула-1-ийн дараагийн гараанууд Вьетнам болон Бахрейнд болох ёстой хэдий ч тэмцээн уралдаан хэзээ болох нь тодорхойгүй байна.    

АВАРГУУДЫН ЛИГИ

Хөлбөмбөгийн Аваргуудын лигийн тэмцээн уралдаанууд мөн хойшлогдох нь тодорхой болжээ. Ливерпуль болон Атлетико багуудын хооронд Энфилд цэнгэлдэхэд болсон тоглолт цэнгэлдэх дүүрэн үзэгчтэй болсон сүүлийн тоглолт болсон байна. Улмаар Испанид болсон Валенсия болон Аталанта багуудын тоглолт, мөн ПСЖ болон Дортмундын Боруссия багуудын тоглолт үзэгчгүй, хоосон цэнгэлдэхэд болжээ. Тиймээс магадгүй цаашдын тоглолтуудыг хойшлуулах нь тодорхой болж, хамгийн ойрын тоглолт болох Реал болон Манчестер Сити-гийн тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна. 

ЕВРОПЫН ЛИГИ

Европын Лиги-н хувьд мөн адил Аваргуудын лигитэй адил Рома болон Севилья багуудын хооронд болох ёстой байсан тоглолтыг хойшлуулж, түр завсарлага авахаар болжээ. Испани улс Италитай агаарын тээврийн харилцаагаа түр зогсоосноос хөрш орнууд хоорондоо зорчих аргагүй болжээ. Ингэснээр Рома-гийн тамирчид тоглолт болох газарт хүрч чадаагүй байна. Энэ шалтгаанаар Европын лигийн бас нэгэн тоглолт болох Интера болон Испанийн Хетафа багуудын тоглолт мөн цуцлагджээ. УЕФА, Испани болон Италийн хөлбөмбөгийн багуудад Европын лигийн тэмцээнээс татгалзаж, ирэх онд тэмцээнд шууд орох нөхцөл тавьсан ч багууд татгалзжээ.    

ИТАЛИ, СЕРИЙН А

Италийн хөлбөмбөгийн Серийн А-ийн тэмцээн уралдаан бараг автоматаар цуцлагдсан байна. Учир нь үзэгч таны мэдэж байгаачлан Итали улс COVID-19 коронавирусын дэгдэлт,  нас баралтаар Хятадын араас 2-рт жагсч, энэ улсад халдварын дэгдэлт өндөр байгаан дээр нас баралт ч мөн их байгаа юм. Италийн эрх баригчид улс орондоо онцгой байдлын дээд түвшин зарлаж, аливаа тэмцээн уралдаан, олон нийтийн арга хэмжээг хориглосон. Үүнтэй холбоотойгоор хөлбөмбөгийн тэмцээн зогсч, цаашид үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Улмаар өнөөдрийн байдлаар тэргүүн эгнээнд яваа эхний 4 багийг Аваргуудын Лигид илгээж, сүүлийн 3 багийг шууд хасах хувилбар ч яригдаж байна. 

Түүнчлэн үүнтэй зэрэгцэн Италийн хөлбөмбөгийн хэд хэдэн багийн гишүүдэд коронавирусын тохиолдол илэрчээ. Тухайлбал Ювентусын хамгаалагч Даниэль Ругани, мөн Серийн А-д өрсөлдөж байгаа бас нэгэн багийн тоглогч Маноло Габбьядинид коронавирус илэрсэн байна.   

ИСПАНИЙН ПРИМЕРА

Испани мөн Италийн араас COVID-19-ийн өндөр дэгдэлттэй улс орнуудын тоонд багтаж байгаа учраас Испанийн Примерагийн тэмцээн уралдааныг мөн зогсоогоод байна. Мадридын Реал багийн сагсан бөмбөгчдийн нэгэнд коронавирус илэрснээс багийн бүх тамирчдыг карантинд авчээ.    

ГЕРМАНЫ БУНДЕСЛИГ

COVID-19-ийн тохиолдол өндөр байгаа Европын улс орнуудын тоонд Герман улс мөн багтаж байгаа юм. Тиймээс Германы спортын салбар ч мөн үүнд хамаарч, Бундеслигийн ойрын хоёр тэмцээнийг үзэгчгүйгээр явуулж, зурагтаар шууд дамжуулан үзүүлж байгаа юм. Түүнчлэн Германы Ганновер багийн хоёр тоглогчид коронавирус илэрсэн учраас энэ баг ойрын тэмцээнүүдэд оролцох эрхгүй болжээ.    

АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГИ

Английн премьер лигийн тэмцээн уралдааны хувьд одоогоор тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна. Тухайлбал одоогийн байдлаар үзэгчгүй тоглолт явуулаагүй ч цаашид нөхцөл байдал хэрхэх нь ойлгомжгүй байгаагаас түр зуурын завсарлага авч, ямар шийдэлд хүрэхийг хүлээзнэж байна. Арсенал багийнханы дунд Грекийн Олимпиакос багийн эзэн Эвангелос Маринакисаас дамжин коронавирусын халдвар дэгдэж болзошгүй гэсэн болгоомжлол үүсч, Арсенал клубын тамирчид тусгаарлалтад орж, коронавирусын илэрцийн шинжилгээнд хамрагдаад байгаа юм. Зарим мэдээллээр Английн Премьер Лигийн тэмцээнийг магадгүй цаашид үзэгчгүйгээр явуулж, аваргын төлөөх тоглолтуудыг бүгдийг нь хуваарийн дагуу явуулж дуусгаж магадгүй байна. Түүнчлэн Английн эрх баригчид хүмүүс тэмцээн уралдааныг үзэхээр паб, бааруудад нэг дор олноор цуглахаас сэргийлэн олон нийтийн газарт хөлбөмбөгийн тэмцээн үзүүлэхийг хориглосон байна. Зарим мэдээллээр Английн Премьер Лигийн Лестер багийн 3 тоглогчид коронавирусын шинж тэмдэг илэрч, тэднийг шинжилгээнд хамруулаад байгаа гэнэ.    

ОРОСЫН ХӨЛБӨМБӨГИЙН АШТ

Манай хойд хөршид коронавирусын дэгдэлтийн улмаас нэг дор 5 мянгаас дээш хүн цуглуулан арга хэмжээ явуулахыг хориглосон журам мөрдөгдөж эхэлсэн. Одоогоор энэ хориг зөвхөн Москва хотод үйлчилж байгаа учраас нийслэлийн хөлбөмбөгийн багууд дотоодын аваргын тэмцээнээ 5 мянган үзэгчид барин явуулж байна. Үүнийг дагаад хошин яриа ч дэгдэж, 5 мянга доторх хүний цугларалтыг коронавирус тоохгүй гэсэн яриа ч гарчээ. Ямартаа ч одоогоор Оросын хөлбөмбөгийн АШТ үргэлжилж байгаа ч аюулгүйн улирлын чанартай арга хэмжээ авахад бэлэн байгаа юм. Москвагийн ЦСКА хөлбөмбөгийн баг тэмцээн үзэх эрхийн тасалбарыг шодож, цэнгэлдэхэд азтай нэгнийг л нэвтрүүлж байна. 

ЕВРОПЫН ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭН 

2012 онд УЕФА-ийн тэргүүн асан Мишель Платини Европын эв нэгдлийг билгэдэн тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар санаачилж, Европын аваргын тэмцээнийг нэг дор 12 улс оронд, тэр дундаа Оросод зохион байгуулж байжээ. Тэгвэл энэ санаа 2020 онд бүтэлгүйтэж байна. Хэдийгээр УЕФА тэмцээн уралдаанаа цаг тухайд нь явуулна гэж байгаа ч хөлбөмбөгийн Үндэсний холбоодын хувьд энэ нь боломжгүй зүйл болж байх шиг байна. Тиймээс энэ сарын 17-нд болох хурлаар УЕФА-гийн удирдлагууд тэмцээнийг цаашид хэрхэхийг хэлэлцэн шийдэх юм.     

“ТОКИО-2020” ОЛИМПИЙН НААДАМ

COVID-19 коронавирусын улмаас хамгийн их хүлээлт, хамгийн их асуулт, хамгийн их болгоомжлол төрүүлээд байгаа спортын уралдаан тэмцээний хувьд мэдээж хэрэг хүн төрөлхтөний спортын их наадам болох Олимпийн наадмын хувь заяа болоод байна. Ирэх 7-р сарын 24-нөөс 8-р сарын 9-ний хооронд болох ёстой Токио-2020 Олимпийн наадам товлосон цаг хугацаандаа болох эсэх нь ихээхэн эргэлзээтэй байна. ОУОХ, Токиогийн Олимпийн наадмыг үзэгчгүйгээр явуулахгүй гэдэг нь ойлгомжтой. Хэрвээ Олимпийн наадмын тэмцээн уралдааныг үзэгчгүйгээр явуулбал 1 тэрбум долларын алдагдал хүлээх юм. Тиймээс эцсийн тохиолдолд Токиогийн Олимпийн наадмыг COVID-19-ийн дэгдэлт буурахгүй бол 1 жилээр хойшлуулах боломжийг судалж байна. Энэ талаар Токио-2020 Олимпийн наадмын зохион байгуулах хорооны тэргүүн Харки Такахаши мэдэгджээ.