Спорт

Өнгөрсөн жилийн төрийн их баяр наадмын түрүү бөхөөс сэргээш илэрсэн гэдэг асуудал багагүй шуугиан тарьсан. Төрийн их баяр наадамд түрүүлсэн бөхөөс сэргээш илэрсэн гэдгийг Баяр наадмын зохион байгуулах хороо олон нийтэд зарлаж, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо хуралдаж, 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 08-р тогтоол гаргаж, аварга Э.Оюулболдын цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол чимэг олгох тухай тогтоол гаргасан.

Харин Э.Оюунболд дээрхи асуудал болоод сэргээш хэрэглэсэн гэдэг асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад байсан юм.  Шүүхээс Оюунболдын цол чимгийг хураах, барилдах эрхийг хасах тухай гаргасан Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны 08-р тогтоолыг “Оюунболдын маргаан”  эцэслэн шийдэх  хүртэл түдгэлзүүлэх захирамж гаргажээ. Мөн Э.Оюунболдын асуудалд түүнд 5-ын даваанаас эхлэн өвдөг шороодсон бөхчүүдийг гуравдагч этгээдээр оруулах саналыг Баяр наадмын зохион байгуулах хорооноос гаргасныг шүүх хүлээж авсан байна.

Аварга Оюунболд DNK шинжилгээ өгөх мөн сэргээш хэрэглэсэн эсэх асуудал дээр мэргэжлийн шинжээч томилуулах, эд мөрийн баримт гаргуулах хүсэлт шүүхэд гаргасныг 2020 оны 04 сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар хүчингүй болгожээ.

Шүүгчдийн дээрхи захирамжийг гардан авснаасаа хойш 7 хоногийн дараа давж заалдах шатны шүүхэд хандах эрхтэй. Өнөөдрийн байдлаар Э.Оюунболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийн захирамжийг гар дээрээ аваагүй байна.