Спорт

Морьт харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнд таван клубын 50 гаруй харваачид оролцож цэц мэргэнээ сорилоо. "Намнаа", "Хорчи Мэргэн", "Баатрууд", "Дэлт сум", "Хан монгол" гэсэн клубуудын тамирчид оролцож 4 төрлөөр харваж өрсөлдлөө. Тэд морин дээр давхингаа байг онож, эртний монгол эрчүүдийн цэрэг дайн, ан ав хийдэгийн адилаар эд хав, авхаалж самбаа, хурд хүч, цэц мэргэнээ сорьж байна.

Морьт харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн спорт болон уламжлалт төрлөөр явагдсан юм. Хажуу тийш харсан таван байт төрөл, угтаж болон өнгөрч харвах төрөл, бөмбөг намнаа, бага ав гэсэн төрлүүдээр харваачид цэц мэргэнээ сорилоо. Монголчууд манжийн эрхшээлд орохоос өмнө энэ мэтээр морин дээрээсээ харваж ирсэн эрэмгий, шаламгай ард түмэн. Дайчин, баатарлаг, сүр хүчтэй, цэц мэргэн, авхаалж самбаатай гээд эртний монгол эрсийн шинж чанарыг харуулдаг энэ харваанаас монгол эрс олон олон жилийн өмнөөс алсарсан. Харин сүүлийн жилүүдэд үүх түүхээ эргэн санаж, морьт харвааны клубууд ганц нэгээр байгуулагдаж, өнөөдөр уламжлалт морьт харвааг залуу үeдээ түгээн таниулж байна. Эртнээс уламжлалт морьт харвааг үндэсний баяр наадмын нэг төрөл болгон наадах зорилго тээж яваагаа морьт харваачид ярьж байна.

Энэ хүнийг Н. Алтанхуяг гэдэг. Тэр Монголын хамгийн анхны морьт харвааны клубыг үүсгэн байгуулж, морьт харвааг түлгээн дэлгэрүүлэх үйлсэд гар биe оролцон үлгэрлэж байна. Морьт харваачдын өмсөж байгаа хүннү дээл, эдлэл хэрэглэл бүгдийг нарийвчлан судалсан байна. Харваачид яг л тухайн цаг үeийн хэв загвараар урласан дээл хувцас, бүс малгай, нум сум бүгдийг эдэлж, хэрэглэжээ.
Морьт харваагаар хичээллэх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэнийг зохион байгуулагчид онцолж байна. Хүүхэд багачууд, эммэгтэйчүүд ч идэвхтэй хичээллэх болжээ. Тэднийг нэг бол Т. Наранзун юм. Тэр хоёр жилийн өмнөөс эхлэн энэ спортоор хичээллэжээ.
Морьт харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнд 12- 48 насны 50 гаруй харваач оролцлоо. Эдгээрийн найм нь эмэгтэй харваачид байна.