Спорт

Хэт холын зайн гүйлтийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга Бямбаагийн Буджаргал шинэ зорилгоо биелүүлэхээр АНУ-д очоод байна. Дэлхий, тивийн олон амжилт тогтоож байсан манай тамирчин энэ удаа “Зургаан өдрийн гүйлт”-ийн дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоох том зорилго өмнөө тавьжээ.

Б.Буджаргал АНУ-ын Флорида мужид болох “Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд өрсөлдөж байгаа юм. Тав дах, өдрийн байдлаар Б.Буджаргал 602 км гүйж хошуучилсаар байна. Арын тамирчнаасаа 100 км тасарсан хэвээр. Биеийн байдал хэвийн. Хөл нь эмчилгээ авч дээрдсэн. Тамирчин маань илт сэргэж, өөртөө итгэлтэйгээр урагшилж байна. Шийдвэрлэх сүүлийн 36 цаг эхэлсэн.

Б.Буджаргал тав дахь удаагаа хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга болоход ойрхон байна. Энэ тухай тэрбээр:

Миний монголчууд надад асар их урам, дэм өгч хурцалсаар байна. Би сэргэлт авч байна. Та бүхэнд баярлалаа. Өмнө нь миний бие хэт холын зайн буюу 6 болон 10 өдрийн гүйлтийн тэмцээнд дөрвөн удаа түрүүлж, Дэлхийн аварга болж байсан. Одоо энэ амжилтаа ахиулж, 10 өдрийн гүйлтийн замыг хамгийн богино хугацаанд туулан дэлхийн дээд амжилтыг тогтоож, Монгол хүний тэсвэр тэвчээрийг ГИННЕСИЙН ДЭЭД АМЖИЛТ-д бүртгүүлэх томоос том зорилготой яваа юм"

хэмээжээ.

Монголчуудаа түүнд сэтгэлийн хүч энерги өгч, сүүлийн мөчүүдэд тамирчнаа уухайлан дэмжиж, алдар гавьяаг нь олонд түгээгээрэй.