Улс төр

ОУВС, 2019 он гарсаар дэлхийн эдийн засгийн өсөлт 3%-иар буураад байгаа талаар мэдэгджээ. Энэ нь 2008-2009 оны хооронд үргэлжилсэн эдийн засгийн хямралаас хойшхи хамгийн муу үзүүлэлт болохыг ОУВС-ийн тусгай тайланд дурьдсан байна. 

ОУВС-аас гаргасан тайланд түүнчлэн дэлхийн эдийн засгийн үзүүлэлт 2020 онд 3,4%-тай байх төлөвтэй байгааг дурьджээ. Шинжээчдийн дүгнэж байгаагаар эдийн засгийн өсөлт ийнхүү буурч байгаа шалтгаан нь дэлхийн улс орнуудын хооронд худалдааны тааламжгүй харилцаа үүсч, үйлдвэрлэлийн хэмжээ буурч байгаа явдал голлох хүчин зүйл болоод байгаатай холбоотой юм. ОУВС-ийн голлох эдийн засагч Гита Гопинатын тэмдэглэснээр улс орнуудын хоорондын геополитикийн бодлого, худалдааны дайн зэрэг нь хөл дээрээ арайхийн тогтож байсан эдийн засгийг дахин ганхуулж, хөгжиж байгаа улс орнууд, хөгжингүй улс орнуудын хоорондын зах зээлийн өсөлтийг бууруулсан гэж үзэж байна.

Энэ мэтчилэн шалтгаанаар дэлхийн худалдааны хэмжээ 2019 онд ердөө 1,1%-ийн өсөлттэй гарах төлөвтэй байна. Тэгвэл энэ үзүүлэлт өнгөрсөн 2018 онд 3,6%-тай байжээ. Түүнчлэн энэ онд Америк болон Хятадын эдийн засгийн өсөлт буурсан үзүүлэлттэй гарах нь тодорхой байгаа юм. Тухайлбал шинжээчдийн дүгнэж байгаагаар Вашингтон болон Бээжингийн худалдааны хямралаас шалтгаалан дэлхийн эдийн засаг 0,8%-ийн алдагдалтай байх урьдчилсан дүн шинжилгээ гарчээ.