Улс төр

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху түүнд олгогдсон хуулийн хугацаанд эвслийн засгийн газраа байгуулж амжаагүй учраас улсынхаа ерөнхийлөгч Реувен Ривлинд мандатаа буцаажээ. Нетаньяху энэ талаар интернэтэд видео мэдэгдэл байршуулан, улс орондоо эвслийн, эв нэгдлийн засгийн газар байгуулахаар тууштай ажилласан боловч харамсалтай нь улс төрийн үйл явцыг бүрдүүлэхэд ихээхэн саад бэрхшээлтэй тулгарсан талаараа бичсэн байна.

Беньямин Нетаньяхуд хуулийн хугацаанд засгийн газраа эмхлэн байгуулахад нь дахин хоёр хоногийн хугацаа байсан боловч тэрээр даваа гарагт, 70 насныхаа төрсөн өдрөөр дээрх шийдвэрийг гаргаж, мандатаа буцаасан байна. Энэ сарын 21-нд 70 нас хүрсэн Беньямин Нетаньяхугийн хувьд хэрвээ тэрээр түүнд хүлээлгэсэн үүрэг хариуцлагын дагуу засгийн газраа эмхлэн байгуулж чадсан бол улсынхаа засгийн эрхийг 5 дахь удаагаа дараалан тэргүүлэх байжээ.

Израильд 9-р сарын 17-нд явагдсан Кнессет буюу парламентын сонгуульд ерөнхий сайд Нетаньяхугийн тэргүүлдэг Ликуд нам парламентын 120 суудлаас ердөө 31 суудал эзэлж, түүний улс төрийн гол өрсөлдөгч Бенни Ганцын “Кахоль-Лаван” нам 33 суудалтай болсон. Улмаар Нетаньяху түүний тэргүүлдэг Ликуд намтай ойр байж, эвсэлд нэгдэгч намуудтай мандатаа нийлүүлэн 55 суудалтай болсон бол Бенни Ганцын нам 57 суудалтай болсон юм. Гэсэн хэдий ч Израилийн ерөнхийлөгч Нетаньяхуд итгэл хүлээлгэн түүнд эвслийн засгийн газар эмхлэн байгуулах мандат өгсөн ч тэрээр хуулийн хугацаанд засгийн газраа байгуулж чадаагүй байна. Ингэснээр ерөнхийлөгч Реувен Ривлин дараагийн улс төрчид буюу “Кахоль Лаван” намын тэргүүн Бенни Ганцад мандатыг шилжүүлж байгаа юм. Кахоль Ганцад засгийн газраа эмхлэн байгуулахад нь 28 хоногийн хугацаа байгаа юм. Хэрвээ Ганц мөн адил засгийн газраа хуулийн хугацаанд байгуулж чадахгүй бол хуулийн дагуу Кнессетын гишүүдэд энэ эрх шилжиж, 21 хоногийн дотор улс төрийн намууд хоорондоо зөвшилцөх хэрэгтэй болно. Харин энэ хугацаа өнгөрсний дараа Израилийн улс төрчид нэгдсэн засгийн газар байгуулж чадахгүй бол дахин сонгууль явуулахаас аргагүйд хүрэх юм.