Улс төр

АНУ-ын батлан хамгаалахын яам Исламын улс бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль Багдадигийн эсрэг явуулсан тусгай ажиллагаа хэрхэн явагдсан талаарх видео бичлэгийг олны хүртээл болгожээ. Пентагон Сирийн Идлиб мужийн нутаг дэвсгэрт явуулсан цэргийн ажиллагааны талаарх видео бичлэгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгч, нэмэлт тайлбар мэдээлэл өгсөн байна.

Америкийн зэвсэгт хүчний төв командлалын тэргүүн Кеннет Маккензигийн мэдэгдсэнээр ажиллагааны явцад Аль Багдадигаас гадна Исламын улс бүлэглэлийн 6 зэвсэгт дайчин алагдсаны 4 нь эмэгтэй хүмүүс байжээ. Түүнчлэн Маккензи-гийн ярьснаар “Бид Сирид явуулсан тусгай ажиллагааны үеэр нутгийн энгийн номхон иргэдийн дунд ямарваа хохирол гарахаас сэргийлэхийн тулд шаардлагатай бүхий л алхмыг урьдчилан авсан. Түүнчлэн Аль Багдадигийн байрлаж байсан объектад байсан хүүхдүүдийг хамгаалахыг зорьсон. Ажиллагааны явцад объектын нутаг дэвсгэр дээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан Исламын улс бүлэглэлийн 5 гишүүн манай тусгайгийнханд эсэргүүцэл үзүүлж болзошгүй байсан учраас эхлээд тэдэнд зэвсгээ хураалгахыг араб хэлээр хэлж, урьдчилан сануулсан ч эсэргүүцэл үзүүлсэн учраас тэднийг устгасан. Тэдний дотор 4 эмэгтэй, нэг эрэгтэй байсан гэжээ. Түүнчлэн ажиллагааны үеэр Аль Багдади объектоо орхин, нууц хонгил руу зугтаж, ингэхдээ хоёр хүүхэд хамт авч зугтсан. Өмнө нь мэдээлж байсан шиг 3 хүүхэд биш, 2 хүүхэд авч зугтсан. Тэдгээр хүүхдүүд нь 12 хүртэлх насны хүүхдүүд байсан талаар мөн генерал мэдээлсэн байна.

Аль Багдади эхлээд гарцгүй хонгил руу зугтаж, улмаар баригдах нь гарцаагүй болсны дараагаар эсэргүүцэл үзүүлэхээ больж, шахидын бүсээ ажиллагаанд оруулан дэлбэлж, амиа хүүхдүүдийн хамтаар егүүтгэжээ. Ажиллагааны дараа газар дээр генетикийн шинжилгээ хийж, хонгилд амиа алдсан хүн Аль Багдади мөн болохыг тогтоосон гэж Маккензи нэмж хэлсэн байна.  

Тусгайгийнхан барилгыг бүслэн хааж, энэ үеэр объектыг манаж байсан хүмүүс гал нээж, цэргийнхэн хариу гал нээн тэднийг устгаж байгааг харуулжээ. Энэ үеэр агаараас цохилт өгч байгаа бичлэг ч буусан байна. Америкийн цэргийнхэний газар дээр явуулсан тусгай ажиллагааны үеэр тэд объектод нэвтрэн, тэнд байсан бичиг баримт, электрон төхөөрөмж зэргийг хураан авч, дотор нь байсан хоёр хүнийг саатуулан цэргийн нисдэг тэргэн дээрээ эргэн иржээ.

Генерал Маккензи-гийн мэдээлснээр Америкийн тусгай хүчнийхний ажиллагаа дуусч, объектыг нэгжиж, шаардлагатай зүйлсийг хураан авсны дараагаар объектыг устгасан байна. Хэвлэлийнхэнд үзүүлсэн видео бичлэгэн дээр объектыг хэрхэн агаараас цохилт өгч устгаж байгаа үйл явц мөн бичигдсэн байжээ.