Улс төр

“Исламын улс” бүлэглэл энэ сарын 27-нд Америкийн цэргийнхэний Сирийн Идлиб мужид явуулсан тусгай ажиллагааны үеэр тэдний толгойлогч Абу Бакр аль Багдади амиа алдсан болохыг баталжээ. “Исламын улс” бүлэглэл толгойлогчоо алдсан мэдээллийг батлахын зэрэгцээ Аль Багдадиг залгамжлагчийг ч мөн тодруулсан талаараа мэдээлсэн байна.

Америкийн тусгай хүчнийхэн “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль Багдадигийн орогнон нуугдаж байгаа газрыг тогтоон, улмаар өнгөрсөн ням гарагт Сирийн хойд хэсгийн Идлиб мужид агаараар болон газраар тусгай ажиллагаа явуулсан юм. Энэхүү ажиллагааны явцад Аль Багдади орогнон нуугдаж байсан объектоосоо зугтаж, улмаар гарцгүй хонгил руу орж, бүслэлтэд орсноо мэдмэгцээ “шахидын бүс” ажиллагаанд оруулан амиа егүүтгэсэн юм.

Тэгвэл ийнхүү Абу Бакр аль Багдадийг устгасан гэх мэдээлэл тарсны дараа энэ мэдээллийг “Исламын улс” бүлэглэл батлан мэдэгдсэн байна. Энэ талаар мэдээлэл гаргахдаа Аль Багдадийг залгамжлан Абу Ибрагим аль Хашеми аль Курайши “Исламын улс” бүлэглэлийг цаашид толгойлох болно гэжээ. “Исламын улс” бүлэглэл энэ талаар мэдээлэхдээ аудио хэлбэрээр мэдэгдэл гаргасан байна. Түүнчлэн зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Аль Багдади амьд ахуй цагтаа Аль Хашеми Аль Курайшиг өөрийн залгамжлагчаар нэрлээд байжээ.