Улс төр

Бразилын экс ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва авлигын хэргээр шоронд 19 сар хоригдсон дараа суллагдсан байна. Бразилын шүүх экс тэргүүнийг түүний нэр холбогдсон хэргийн дагуух давж заалдах шатны шүүх үйл явц эхлэх хүртэл хорионоос суллах шийдвэр гаргажээ.

Авлига, төрийн эрх мэдлээ хууль бусаар ашигласан хэргээр хоригдож байсан Бразилын экс ерөнхийлөгчийг энэ сарын 8-нд шоронгоос суллажээ. Түүнийг Куритиба хотын цагдаагийн газрын өмнөх талбайд хэдэн зуун хүн угтан авчээ. Силва энд сүүлийн 19 сарын туршид хоригдсон юм. Бразилын Холбооны дээд шүүх энэ сарын 7-нд шийдвэр гаргаж, экс ерөнхийлөгчийн нэр холбогдсон авлигын хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл түүнийг хорионоос суллах шийдвэр гаргажээ. 74 настай улс төрчийг түүнийг дэмжигчид баяр хөөртэй угтан авсан байна. Хүмүүс гартаа “Лула эрх чөлөөтэй” гэсэн уриа лоозон барьцгаан угтжээ.

Луис Инасиу Лула да Силва Бразилын төрийн эрхийг 2003-2011 оны хооронд тэргүүлж байсан юм. 2017 онд түүнийг авлига авч, хууль бусаар мөнгө угаасан хэрэгт буруутган 9 жил хагас хорих ялаар шийтгэжээ. Сүүлд ялын хэмжээг 12 жил 1 сар болгон нэмэгдүүлсэн ч 2019 оны 4-р сард Холбооны Дээд шүүхийн шийдвэрээр ялын хугацааг 8 жил 10 сар болгон бууруулжээ. Лула да Силва түүнд тулгаад байгаа хэрэгт гэм буруугүй гэж үзэж байгаа юм.