АНУ-ЫН НЬЮ ЙОРК МУЖИД “ХЕНРИ” ХАР ШУУРГА ШУУРЧ БАЙНА

Үйл явдал

Америкийн Нью Йорк мужид Хенри нэр авсан хар шуурга дэгджээ. Атлантын далайн уснаа бүрэлдсэн хар шуурга зүүн хойд зүгийг чиглэн Нью Йорк мужийн нутагт шилжин ирсэн байна.

Хенри хар шуурга голомтдоо цагт 128 км хүртэл ширүүсэн шуурч байна. Цаг уурчид Нью Йоркод хүчтэй салхи шуурга дэгдэн, далайн эрэг дагуух газарт хэдэн метрийн өндөр давалгаа үүсч, хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа талаар анхааруулж байгаа юм. Нью Йорк мужийн амбан захирагч Эндрю Куомо гамшгийн бүс рүү 500-аад хүний бүрэлдэхүүний цэргийнхэнийг илгээжээ.

Хенри хар шуурга Нью Йорк мужийг дайрч өнгөрөн цааш Коннектикут, Массачусетс, Род-Айлендыг чиглэх бололтой. Цаг агаарын таагүй үзэгдлийн улмаас Нью Йоркийн эрх баригчид төмөр замын хөдөлгөөнийг зогсоож, Эрх чөлөөний хөшөөний цогцолборыг хаажээ.