Улс төр

Испанийн нийслэл Мадрид хотноо уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх НҮБ-ын чуулган ажлаа эхэлжээ. Чуулганд дэлхийн улс орнуудын байгаль орчны сайд нар, албаны хүмүүс, олон улсын байгууллагынхан оролцож, хүн төрөлхтөний өмнө тулгамдаад байгаа гол асуудал болоод байгаа уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн цаг уурын дулаарлын асуудлаар цаашид  авч хэрэгжүүлэх арга алхмын талаар хэлэлцэх юм. 

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 25 дахь удаагийн олон улсын чуулганыг Чилийн нийслэл Сантьяго хотноо явуулахаар тов тогтоод байсан ч энэ улсад өрнөсөн дотоодын үймээн самууны улмаас байрлал, болоод хугацааг нь өөрчлөн Мадрид хотноо явуулахаар болсон юм. Мадрид хотноо болж байгаа чуулганд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс 25 мянга гаруй төлөөлөгч зорин иржээ. Тэдний дотор улс орнуудын тэргүүлэгчид, сайд дарга нар, албаны хүмүүс, шинжээч судлаачид, хэвлэл мэдээллийнхэн зэрэг өргөн хүрээний төлөөлөл багтаж байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын чуулган 12-р сарын 2-ноос 12-р сарын 13-ны хооронд үргэлжилнэ.

Мадридын олон улсын чуулганы хүрээнд дэлхийн улс орнууд 2020 онд хүчинтэй хугацаа нь дуусгавар болж байгаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын гэрээ болох Киотогийн проколыг орлох Парисын гэрээг цаашид дагаж мөрдөх үйл явцын талаар голчлон хэлэлцэх юм. Парисын уур амьсгалын гэрээг дэлхийн улс орнууд 2015 оны 12-р сарын 12-нд НҮБ-ын 21 дэх удаагийн бага хурлаар хэлэлцэн баталж байжээ.

Энэхүү гэрээний дагуу дэлхийн улс орнууд 2100 он гэхэд агаар мандалд цацагдаж байгаа хорт хийн хэмжээнд боломжит хэмжээнд бууруулах амлалт авч, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн цаг агаарын дулаарлыг зогсоохын тулд агаарын температурын өөрчлөлтийг Цельсийн 2 градусаас ихгүй байхаар зохицуулж, аж үйлдвэрлэлийн хөгжлийн өмнөх үеийнхэд аваачих амлалт авсан юм. Парисын гэрээний дагуу түүнчлэн агаар мандалд цацагдаж байгаа хүлэмжийн хийн хэмжээг бууруулах амлалтыг улс орон тус бүр өөрийн хэмжээнд авахаар тусгажээ.