Улс төр

Английн нийслэл Лондон хотод болсон НАТО-ийн дээд хэмжээний уулзалт хоёр өдөр болж, амжилттай өндөрлөжээ. Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн улс орнуудын тэргүүлэгчид Лондоны дээд уулзалтын үеэр олон чухал асуудал хэлэлцэн, багагүй маргалдаж, санал зөрөлдсөн хэдий ч уулзалтын төгсгөлд НАТО урьдын адил нэгдмэл гэдгээ батлан, Балтийн тэнгисийн улс орнууд, Польшийн нутаг дэвсгэрийг ОХУ-аас хамгаалах төлөвлөгөө боловсруулжээ.

Энэ удаагийн дээд уулзалт нь НАТО-г үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн уулзалт гэдгээрээ ихээхэн онцлогтой байсан юм. НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг уулзалтын төгсгөлд хийсэн мэдэгдэлдээ: -Бид өнөөдөр Балтийн орнууд болон Польшийн нутаг дэвсгэрийг гадны халдлагаас сэргийлэх, хамгаалах асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч, бодлого төлөвлөгөө боловсрууллаа. Энэ шийдвэрийг бид бүрэн дүүрэн дэмжиж, урагш тэмүүлэн, нэгдсэн байр сууринд хүрч чадсаныг томоохон амжилт гэж харж байна гэжээ.

Дээд уулзалтын өмнө Турк улс АНУ болон бусад холбоотон орнууд Сири дэх Курдын дайчдыг алан хядагч, террористууд гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаны хариуд дээрх төлөвлөгөөнд хориг тавина гэдгээ мэдэгдэж байсан юм. Тэгвэл Балтийн улс орнууд НАТО-ийн бүс нутаг дахь бодлого төлөвлөгөөг зөвхөн техникийн хувьд л хэлэлцэж, үндсэн төлөвлөгөөг боловсруулаагүй, батлаагүй байгааг тэмдэглэсэн байна. Гэсэн хэдий ч НАТО-ийн Балтийн орнууд, Польшийн талаар гаргасан шийдвэр улс төрийн хувьд чухал ач холбогдолтой болохыг онцолж, Умард Атлантын цэргийн эвсэл нэгдмэл байгааг баталсан чухал алхам гэж үзэж байна.

Лондон хотын дор байрлах Уотфордод болсон НАТО-ийн 70 жилийн ойн дээд хэмжээний уулзалтад эвслийн гишүүн улс орнуудын төр засгийн тэргүүлэгчид, тэр дундаа АНУ, Францын тэргүүнүүд оролцож, Сири дэх Туркийн цэргийн ажиллагааны талаар, эвслийн стратегийн зорилго чиглэл, Европын улс орнуудын НАТО-д төлөх татаасын талаар ширүүхэн маргалдсан юм. Энэхүү маргаан мэтгэлцээн нь Умард Атлантын цэргийн эвсэл дотроо хагаралтай байгааг илтгэж байсан ч Дональд Трамп, Эммануэль Макрон нар эцсийн дүнд асуудлаа хэлэлцэн, нэгдмэл байр сууринд хүрч чадсан байна.