Улс төр

Манай хойд хөршид улс төрийн гэнэтийн өөрчлөлт шинэчлэл болж, олон улсын анхаарлыг татаад байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа Холбооны зөвлөлд хандан хэлсэн уламжлалт мэдэгдэлдээ улс орондоо үндсэн хуулийн шинэчлэлт явуулах шаардлагатай тухай мэдэгдэж, үндсэн хуулийн өөрчлөлтийн үйл явцыг эхлүүлэх талаар хэлсний дараагаар Дмитрий Медведев тэргүүтэй ОХУ-ын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо...

Владимир Путин энэ өдөр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдэгдэж, мөн үүний сацуу ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевын огцрох хүсэлтийг хүлээн авч, мөн тэр даруй Медведевыг орлон ажиллах шинэ засгийн газрын тэргүүнээ томилжээ... Үзэгч танд манай хойд хөршид явагдсан улс төрийн үйл явц, халаа сэлгээ, сүүлийн үеийн мэдээ мэдээллийн талаар дэс дараагаар хүргэе... 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шинэ он гарсны дараа улсынхаа Холбооны зөвлөлд хандан жил бүр улс орны нөхцөл байдал, цаашдын засгийн газрын бодлого чиглэл, бусад анхаарал татаж байгаа цаг үеийн асуудлаар сонсгол хийдэг юм. Тэгвэл энэ жил улсынхаа Холбооны зөвлөлд хандан хийсэн мэдэгдэлдээ Владимир Путин улс орондоо үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэл явуулахаар төлөвлөж байгаа тухайгаа онцлон мэдэгдсэн юм. Путин улсынхаа гол хууль тогтоомж болох үндсэн хуулийн үндсэн гол зарчмыг алдагдуулалгүйгээр өнөөгийн цаг үеийн онцлогт тохируулан зарим нэг өөрчлөлт шинэчлэл, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж мэдэгджээ. Путины энэ байр суурь ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевыг албан тушаалаасаа буух шийдвэр гаргахад нөлөөлж, ОХУ-ын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоор болсон юм. 

Дмитрий Медведев өөрийн гаргасан шийдвэрийн талаар ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгдэн, улмаар Кремлийн ордонд болсон уулзалтын үеэр Путин Медведевын огцрох хүсэлтийг хүлээн авч байгаагаа мэдэгдэн, түүний тэргүүлж байсан засгийн газарт улс орныхоо төлөө тууштай ажиллаж байсанд талархал илэрхийлжээ. Путин түүнчлэн дараагийн засгийн газар бүрдэх  хүртэл Медведев болон түүний засгийн газарт эрх үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхийг хүссэн байна.