Улс төр

Тэгвэл энэ хооронд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа Холбооны татварын албыг олон жил тэргүүлэн ажиллаж байгаа Михаил Мишустинд дараагийн ерөнхий сайдаар ажиллах санал тавьсан байна. Энэ талаар Кремлийн ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ. 

Владимир Путин Кремльд улсынхаа Холбооны татварын албаны тэргүүн Михаил Мишустиныг хүлээн авч уулзан, түүнд засгийн газар тэргүүлэн ажиллаж, дараагийн ерөнхий сайдаар ажиллах санал албан ёсоор тавьжээ. Михаил Мишустин ерөнхийлөгчийн тавьсан саналыг хүлээн авч байгаагаа мэдэгдсэний дараагаар түүний нэрийг Төрийн Думд оруулахаар болсон байна. Михаил Мишустин Холбооны татварын албыг 2010 оны 4-р сараас хойш тэргүүлэн ажиллаж байгаа юм. Холбооны татварын албыг тэргүүлэхээсээ өмнө Мишустин бизнес эрхэлж байсан, төрийн албанд тасралтгүй 20 гаруй жил ажиллаж, ОХУ-ын Засгийн газарт янз бүрийн албан тушаал хашиж байсны дотор Үл хөдлөх хөрөнгийн газрыг тэргүүлэн ажиллаж, Кадастрын ерөнхий газар, татварын албанд тус тус ажиллаж байжээ. Тэрээр энэ жил 53 настай, эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй, гэр бүлтэй, 3 хүүтэй, хоккей сонирхдог байна.