Euronews

Улс төр

ЕХ-ны гишүүн 27 улс орны төр засгийн тэргүүлэгчид Брюссель хотноо хуран цуглаж, ирэх 2021-2027 оны төсвийн асуудлаар хэлэлцсэн ч нэгдсэн тохиролцоонд хүрч чадсангүй. Брюссельд болсон хоёр өдрийн хуралдаан тодорхой үр дүнд хүрэлгүй өндөрлөсөн байна. 

ЕХ-ны гишүүн улс орнууд төсвийн асуудлаар хэлэлцсэн нь Их Британи улс ЕХ-ноос албан ёсоор өрх тусгаарласны дараа төсөвт сох дутаж байгаа 60-75 тэрбум еврогийн төсвийн цоорхойг хэрхэн, ямар эх үүсвэрээс нөхөх талаар нэгдсэн тохиролцоонд хүрч чадахгүй байгаа юм. Энэ мөнгийг өмнө нь Их Британи улсаас ЕХ-ны төсөвт бүрдүүлдэг байжээ. Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель Брюсселийн уулзалтын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр: - Харамсалтай нь бид өнөөдөр төсвийн асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч чадсангүй. Магадгүй бидэнд Брекситын дараа амсхийж, цаашид хэрхэх талаар бодох цаг хугацаа шаардлагатай байна гэжээ. Тэгвэл Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен ЕХ-ны улс орнууд төсвийн цоорхойн асуудлаар тохиролцож чадаагүй ч цагаа дэмий үрээгүй гэж үзэж байна. Түүнийхээр Европын удирдагчид нэг дор цуглан, өмнөө тулгамдаад байгаа асуудлаар хэлэлцэж, байр сууриа солилцож чадсан нь томоохон амжилт. Магадгүй дараагийн удаа улс орнууд энэ асуудлаар тодорхой санал, байр суурьтайгаар эргэн цугларна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ. 2021 оноос эхлэн ЕХ-ны төсөв Их Британи улс өрх тусгаарласан явдлаас шалтгаалан Европын нэгдсэн төсөв алдагдалд орж, магадгүй энэ мөнгийг Их Британийн дараа орох хүчирхэг эдийн засаг бүхий Герман улс нуруундаа үүрч, донор орны үүрэг гүйцэтгэж болзошгүй юм. Гэсэн хэдий ч дан ганц нэг улс орон төсвийн цоорхойг үүрэх аргагүй учраас бусад гишүүн улс орнуудаас нэгдсэн төсөвт оруулах татаасны хэмжээ нэмэгдэх нь гарцаагүй юм.