Улс төр

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших эрхийн төлөөх завсрын сонгуульд өрсөлдөж байсан Нью Йорк хотын амбан захирагч асан Майкл Блумберг намын сунгаанаас нэрээ татаж авах шийдвэр гаргажээ.

Майкл Блумберг өөрийн нам нэгт улс төрч Жо Байденыг дэмжин, түүнд цаашид сунгаанд амжилттай оролцохыг хүсч нэрээ татаж авч байгаагаа мэдэгдсэн байна.  

Майкл Блумберг намын праймеризд хүчтэй улс төрч, хүчтэй өрсөлдөгчдийн тоонд багтаж байсан юм. Гэвч тэрээр Ардчилсан намын сунгаанаас нэрээ татаж, цаашид сенатч Жо Байденыг дэмжихийг өөрийн дэмжигчиддээ уриалсан байна. Ардчилсан намын төлөө бүхий улс төрчдийн нэг болох Жо Байден “супер мягмар гараг”-ийн сунгаанд тэргүүлж, одоогийн байдлаар хамгийн олон төлөөлөгчийн саналтай яваа юм. АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден “супер мягмар гараг”-ийн сунгаанд бусад нэр дэвшигчдээс хамгийн амжилттай оролцож, тэрээр Виржини, Хойд Каролин, Алабама, Оклахома, Теннеси, Миннесота, Массачусетс зэрэг томоохон мужуудад ялж, одоогоор халаасандаа 390 төлөөлөгчийн саналтай болоод байна. 

Майкл Блумберг ийнхүү сунгаанаас албан ёсоор гарч, Жо Байденыг дэмжихээ илэрхийлсний дараагаар АНУ-ын Ардчилсан намаас ирэх ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гол нэр дэвшигчдийн жагсаалтад Жо Байден, түүний гол өрсөлдөгч болоод байгаа Вермонт мужийн сенатч Берни Сандерс нар тунаж үлдэн, чухам эдгээр нэр дэвшигчдийн хооронд намын доторх сунгааны гол тулаан болох нь тодорхой байна. Жо Байдены гол өрсөлдөгч болох 78 настай сенатч Берни Сандерс “супер мягмар гараг”-ийн праймеризд Вермонт, Колорадо, Юта болон Калифорни гэсэн 4 мужид тэргүүлж, 313 төлөөлөгчийн саналтай яваа юм.