Европын орнуудад Украиныг дэмжсэн жагсаал цуглаан боллоо 

Улс төр

Орос-Украины хямрал, хоорондын сөргөлдөөн газар авсаар, олон улсын анхаарлын төвд байна. 

Европын орнуудад энэ амралтын өдрүүдэд Украины талыг дэмжсэн жагсаал цуглаан болжээ. 

Польшийн нийслэл Варшав хотноо Украины ард иргэдийг дэмжиж байгааг илэрхийлсэн жагсаал болжээ. Варшавт Оросын тал Украины газар нутаг руу халдан довтолж болзошгүйг эсэргүүцсэн олон цугласан байна. Тэд Украин, Польш, болон ЕХ-ны туг далбаа мандуулж, түүнчлэн Украиныг дэмжсэн уриа лоозон барьжээ. Жагсаал цуглаанд оролцогсод “Бид Украин улс ардчилсан, бие даасан, аюулгүй тогтвортой улс орон байхыг хүсч байна. Зөвхөн Украин төдийгүй Европ тив аюулгүй тайван байхыг бид хүсч байна” гэж байжээ. 

Испанийн нийслэл Мадрид хотод мөн Украиныг дэмжсэн жагсаал болж, Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн байна. Мадридын жагсаалд Украины иргэд мөн нэгдэн оролцож, эх орон, гэр бүл төрөл төрөгсөд нь аюулд автаад байгаад санаа зовинож байгаагаа илэрхийлжээ. Шведын нийслэл Стокгольм хотод мөн “дэлхийн энхтайван байдлын төлөөх” төрийн бус байгууллага жагсаал зохион байгуулж, Европын аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн байна.