“Бээжин-2022” паралимпын наадам өндөрлөлөө

Спорт

“Бээжин-2022” Өвлийн Паралимпийн наадам манай урд хөршид амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Өвлийн 13 дахь удаагийн Паралимпын наадмын хаалтын ёслолын арга хэмжээ Бээжин хотын "Шувууны үүр" цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж, энэхүү ёслолд Хятадын удирдагч Ши Жинпин оролцжээ. 

“Бээжин-2022” Өвлийн Паралимпийн наадам Хятадын нийслэл Бээжин хотноо мөн Яньцин болон Жанчхүүгийн даваан дээр спортын 6 төрлөөр болсон юм. Паралимпийн наадамд дэлхийн 46 улс орны 600 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

“Бээжин-2022” Паралимпийн наадамд зохион байгуулагч улс орон болох Хятадын улсын баг нийтдээ 61 медаль, тэр дундаа 18 алтан медаль хүртэж багийн амжилтаараа тэргүүлжээ. Араас нь Украины баг тамирчид нийт 29 медаль авч 2-рт бичигдэн, Канад улсын баг 25 медальтайгаар удаалжээ.

Паралимпийн наадмын хаалтын ёслолын үеэр ОУ Паралимпийн Холбооны тэргүүн Эндрю Парсонс БНХАУ-ын эрх баригчдад спортын уралдаан тэмцээнийг цар тахлын халдварын хүнд хэцүү цаг үед амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлэн, хамтдаа нэгэн үеийн түүх бүтээснийг онцлон хэлжээ.

Паралимпийн наадмын хаалтын ёслолын үеэр ирэх 2026 онд Паралимпийн Өвлийн наадмыг зохион байгуулах хот болох Италийн Милан болон Кортина д’Ампеццо хотын удирдлагуудад Паралимпийн тугийг гардуулан өгчээ.