Улс орнууд ОХУ-ын эсрэг хоригоо дахин тэлж байна

Улс төр

Украины Киев хотын дор байрлах Буча хотод энгийн номхон иргэдийг зэрлэгээр хөнөөсөн үйл явдлын дараа дэлхийн улс орнууд ОХУ-ын эсрэг авах хоригоо улам бүр чангатгасаар байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины дайны асуудлаар дахин хуралдаж, АНУ ОХУ-ыг Аюулгүйн зөвлөлийн гишүүн байх эрхгүй гэж мэдэгдсэн ч энэ санаа дэмжигдээгүй юм. Гэсэн ч үйл явдлууд ар араасаа хөврөн, хатуу хоригууд тавигдсаар байна. 

АНУ-ын Засгийн газар Украины Буча хотод болсон аллагатай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын гэр бүлийн гишүүдийн эсрэг хориг тогтоож байгаагаа мэдэгдлээ.

Вашингтон энэ удаад Владимир Путины хүүхдүүд, Сергей Лавровын эхнэр охин, ерөнхий сайд Михаил Мишустин, Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев, Москва хотын мэр Сергей Собянин, сангийн сайд Антон Силуанов зэрэг нэр бүхий дээд албан тушаалтан, тэдний гэр бүлүүдийн эсрэг хориг тавьлаа. Мөн Цагаан ордон Оросын эдийн засагт хөрөнгө оруулалт хийхийг хориглолоо. Үүнд Оросын томоохон банкууд болох Сбербанк, Альфа банкуудад хоригт тавиад байна.  Оросын эсрэг хориг тавьж, хязгаарлалтаа тэлсээр байгаа ч Москва байгалийн хий, газрын тосны экспортоосоо өдөрт 650 сая гаруй еврогийн ашиг олж байгаа юм. 

ЕХ мөн л Оросын эсрэг ээлжит хориг арга хэмжээ авч байгаагаа мэдэгдлээ. 5 дахь хоригт Оросын нүүрсний салбар өртөж, газрын боомт, усан тээвэрт хязгаарлалт тогтоолоо. Гэхдээ Оросын эрчим хүчнээс хараат байдаг Европын орнууд Брюсселиас нөхөн олговор, бусад эх үүсвэрээс хангамжаа таслахгүй байхад чиглэсэн алхам яаралтай авахыг шаардаж байгаа юм. 

Эдийн засгийн хоригоос гадна Москвагийн эсрэг дипломат хоригт үргэлжилж байна. Энэ төрлийн хоригт хамгийн сүүлд Канад нэгдэж, улсаасаа Оросын дипломатуудыг гаргахаа мэдэгдэж, нэр бүхий бизнесмэнүүдийн эсрэг хориг тавилаа. ЕХ-ны орнуудаас сүүлийн хэд хоногт 200 гаруй дипломатыг нутаг буцаагаад байгаа юм. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Дмитрий Песков энэ дипломат цонх хаагдаж байна гэжээ. 

Технологийн компаниуд мөн Оростой харилцаагаа царцааж байна. Тухайлбал Интер компани Орос дахь үйл ажиллагаагаа зогсоон, микро-процессорын нийлүүлэлтээ хаалаа.