“Газпром” компани Польш, Болгар улсад байгалийн хий нийлүүлэхгүй

Улс төр

Оросын “Газпром” компани ЕХ-ны нэр бүхий улс орнуудад байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоолоо... 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Барууны улс орнуудаас тавьсан хоригийн хариуд найрсаг бус харилцаатай улс орнуудад нийлүүлж байгаа эрчим хүчний төлбөр тооцоог дотоод валют буюу рублиэр тооцон авах тушаал гаргасан. Тэгвэл Путины энэ шийдвэрийг эсэргүүцэн байгалийн хийн үнээ рублиэр төлөхөөс татгалзсан Польш, Болгар зэрэг орнууд руу “Газпром” компани хийн нийлүүлэлтээ зогсоожээ... 

“Газпром” компани Европын орнуудад нийлүүлж байсан хийн нийлүүлэлтээ зогсоосноор ямар үр дагавар хүлээж байгаа вэ? Европын орнууд Оросын хийгүй хэрхэн амьдарч, харин Орос орон тэдний мөнгөгүй хэрхэх бол? 

Оросын тал 27-ны өдрөөс эхлэн Болгар болон Польш улс хийн төлбөрийг рублиэр төлөхөөс татгалзсан учраас хийн шахалтаа зогсоожээ. Мөн 27-ны өдрийн орой Финлянд болон Эстони улс руу нийлүүлэх хийн экспортоо зогсоолоо. Европын орнууд Оросын тал хийн төлбөрийг рублиэр тооцон авах шийдвэр гаргаснаараа ЕХ-той байгуулсан гэрээний нөхцлийг зөрчиж байгаа хэрэг гэж үзэн, Москвагийн төлбөр тооцоо хийх аргыг хүлээн зөвшөөрөөгүй байна. 

Путины гаргасан тушаалаар найрсаг бус харилцаатай орнууд (үүнд ЕХ-ны орнууд багтаж байгаа) хийн төлбөрөө гэрээнд заасны дагуух валютаар “Газпром”-ын Европ дахь дансанд хийдэг байсныг зогсоож, Оросын “Газпромбанк” дахь дотоодын данс руу рублиэр шилжүүлэх ёстой болсон. 

Одоогоор Путины гаргасан шийдвэрийн дагуу 10-аад улс орон дансаа нээсэн ч зөвхөн ганцхан улс орон –Унгар улс Оросын схемээр төлбөрөө хийж эхэлжээ. “Газпромбанк” байгалийн хийн төлбөрөө гэрээнд заагдсан валютаар хүлээн авч, рубль болгон улмаар худалдагч тал болох “Газпром”-ын данс руу шилжүүлэх ёстой юм. Зөвхөн рублиэр хийгдсэн төлбөрийг л төлбөр төлсөнд тооцож байна. 

Тэгвэл Оросын төлбөрийн системийг дагаж мөрдөхөөс татгалзсан Польш, Болгар улс цаашид байгалийн хийн хэрэгцээ шаардлагаа хэрхэн хангах вэ? Украины дайнтай холбоотойгоор Оросын эсрэг хориг тавьсан ч ЕХ-ны орнуудын байгалийн хийн нийт хэрэглээний 40%-ийг Оросууд хангадаг юм. Тиймээс Европын орнууд хоригоос шалтгаалан Оросын эрчим хүчний эх үүсвэрээс шууд татгалзах бараг боломжгүй байгаа.