Улс төр

Өчигдөр НҮБ-ын 75 дахь чуулганы үеэр НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Келли Крафт Хятад улсыг коронавиурсний гарал үүслийг нуух, аюулыг бага юм шиг харагдуулж, шинжлэх ухааны хамтын ажиллагааг таслан зогсоох шийдвэр гаргасан гэж шүүмжилсэн байна.

Ингэхдээ, дээрх шалтгаануудаас үүдэн Хятад улс бүс нутгийн халдварыг дэлхийн хэмжээний цар тахал болгосон гэж Келли Крафт мэдэгджээ. Үүнд Хятадын талаас эсэргүүцэл илэрхийлэн НҮБ дахь Хятадын суурин төлөөлөгч Жанг Жүн АНУ-ыг дэлхийн хэмжээнд хангалттай их асуудал үүсгэсэн хэмээн хариу барьжээ. Тэрбээр

“Би заавал хэлэх хэрэгтэй байх. Хангалттай бол хангалттай. Та нар дэлхийн хэмжээнд хангалттай их асуудал үүсгэсэн”

хэмээсэн байна. Ингэж хэлснийхээ дараа

“Харамсалтай нь бид уулзалтын уур амьсгалыг эвдэж, зөрчилдсөн хандлагыг АНУ-аас дахин харлаа"

гэв. БНХАУ-ыг цар тахал дэгдэх үед ОУ-ын нислэгээ үргэлжлүүлэн, иргэдийг бусад оронруу явуулж байсан нь тахал дэгдэх том шалтгаан болсон гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналзд Трамп мэдэгдэж байсан. Тэрбээр хэд хэдэн удаа коронавирусийг “Хятадын вирус” гэж нэрийдэж байсан удаатай. Саяхан АНУ-ын халдвараар нас барсан иргэдийн тоо 200 мянгад хүрэхэд ч бас

“Хятад энэ вирусийг дэлхий даяар тараах хэрэггүй л байсан юм”

хэмээн сэтгүүлчдэд ярьсан. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерс өчигдрийн маргааны үеэр гишүүн орнуудыг хоорондоо эв нэгдэлтэй байхыг уриалан, АНУ, Хятадын харилцаа

"илүү аюул руу чиглэж байна”

хэмээн мэдэгджээ.