Улс төр

Японы шинэ ерөнхий сайд Суга Ёшихидэ ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай утсаар холбогдсон байна. Энэ нь Суга Ёшихидэгийн хувьд энэ сард ерөнхий сайдаар сонгогдсоноосоо хойш Путинтай холбогдсон анхны дуудлага байлаа.

Японы цагаар мягмар гарагийн орой 19 цагийн үед талууд 20 минут утсаар ярьсан байна. Утсаар ярьж дууссаны дараа Суга Ёшихидэ ярианы онцлох зүйлсээс сэтгүүлчдэд мэдээлжээ. Оросын ерөнхийлөгч Путины зүгээс Суга-д ерөнхий сайдаар сонгогдсонд баяр хүргэн,  цаашдаа хоёр улсын хөгжлийн төлөө олон салбарт хамтран ажиллахаа хэлсэн байна. Суга Ёшихидэгийн зүгээс холбогдсонд баярласнаа илэрхийлэн,  Оросын хяналтад байдаг дөрвөн арлын асуудлыг хойч үедээ асуудал хэвээр нь үлдээх биш, цэг тавихыг хүсэлтэй байгаагаа хэлжээ. Японы засгийн газар арлуудыг Япон улсын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гэж үздэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Оросын талд булаагдсан гэж үздэг юм байна. Ямартай ч хоёр талууд удахгүй биечлэн уулзах ерөөл тавин, зарим зүйлсийг тодорхой шийдвэрлэхээр тогтжээ. Сугагийн зүгээс биечлэн уулзаад олон төрлийн асуудлыг шийдвэрлэн, хамтарч ажиллах боломжтой санагдсан гэдгийг сэтгүүлчдэд хэлсэн байна.  Үүнээс гадна тэрбээр цааш нь Японы газар нутгийн асуудлыг шийдвэрлэх, энх тайвны гэрээ байгуулах гэсэн зорилгодоо хүрэхийн тулд тууштай байх болно гэж мэдэгджээ.