Улс төр

АНУ-ын 44 дэхь ерөнхийлөгч, Ардчилсан намын гишүүн Барак Обама Пеннсильванийн муж улсын сонгогчдод хандан: “Ирэх 13 хоногт бид хэнд саналаа өгөх нь хэдэн арван жилийн дараах нийгмийг бүтээх чухал сонголт” гэж хэлсэн юм.

Одоогийн ерөнхийлөгч Доналд Трампын өрсөлдөгч, 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден урьдчилсан санал хураалтаар сонгогдох магадлал өндөр байгаа. Пеннсильванийн муж улсад явагдсан Жо Байдены кампанит ажлын үеэр Барак Обама Доналд Трампын цар тахлын нөхцөлд ажилласан хариуцлагын асуудлыг хөндөж эхэлсэн юм. Барак Обама:

“Цар тахалтай найман сарын туршид халдварын тохиолдлууд нэмэгдсээр, нэмэгдсээр байна. Доналд Трамп гэнэт л биднийг хамгаалж чадахгүй. Тэр хамгийн наад захын алхам хийж өөрийгөө ч хамгаалж чаддаггүй шүү дээ”

хэмээжээ. Мэдэгдлийн үеэр тэрбээр энэ бол бидний амьдралын хамгийн чухал сонгууль болж байгааг онцолжээ.