Улс төр

Беларусьд өнгөрсөн амралтын өдрүүдэд ээлжит жагсаал цуглаан боллоо. Жагсаалд янз бүрийн эх сурвалжийн мэдээгээр 100-200-аад мянган хүн нэгджээ. Беларусийн сөрөг хүчнийхэн улс орондоо болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэн долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд “Эв нэгдлийн марш” зохион байгуулж байгаа юм. Минск хотын төвд болсон ээлжит жагсаалыг цагдаа хүчнийхэн даралттай ус шүршин тараахыг завджээ.

Түүнчлэн энэ үеэр хууль хүчнийхэн олон нийтийн хэв журам алдагдуулсан гэх шалтгаанаар сөрөг хүчнийхнийг баривчлан саатуулж байжээ. Энэ удаагийн жагсаалыг Беларусьд дэгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөний хамгийн өргөн хүрээг хамарсан жагсаал гэж үзэж байна. Энэ өдөр Минск хотноо 100-аад мянган хүн, зарим мэдээллээр 200-аад мянган хүн гудамж талбайд гарч жагсчээ. Беларусийн сөрөг хүчин ерөнхийлөгч Александр Лукашенког төрийн эрхэнд хууль бусаар, эрх мэдлээ ашиглан улиран сонгогдсон гэж үзэн, түүнийг огцрохыг шаардсаар байна.Лукашенкод тавьсан тулган шаардах хугацаа дуусгавар болж, сөрөг хүчнийхэн түүнийг сайн дураараа төрийн эрхээс буух шийдвэр гаргах хугацаа өнгөрснийг сануулжээ. Үүнтэй зэрэгцээд Беларусийн сөрөг хүчний тэргүүн, сонгуульд нэр дэвшигч Светлана Тихановская даваа гарагаас эхлэн өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэн, ард иргэдээ бүх нийтийн ажил хаялт зарлахад уриалжээ.