Улс төр

АПЕК буюу Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны 27-дахь чуулга уулзалт цахим хэлбэрээр амжилттай явагдаж, гишүүн орнууд ирэх 20 жилийн бүс нутгийн хөгжлийн талаархи баримт бичгийг батласан байна. Өчигдөр болсон дээд хэмжээний уулзалт хамгийн анх удаа цахим хэлбэрээр явагдсан гэдгийг энэ жил АПЕК-ийг тэргүүлж байгаа Малайз улсын ерөнхий сайд Мухиддин Яссин онцолжээ.

Баримт бичигт дурдсанаар,

“Ийм хүнд хэцүү цаг үед эдийн засгийн сэргэлтийг хангахад чиглэсэн чөлөөт, нээлттэй, шударга, ялгаварлан гадуурхахгүй, ил тод, урьдчилан таамаглах боломжтой худалдаа, хөрөнгө оруулалтын орчин чухал болохыг бид хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбогдуулан бид ДХБ-ын (Дэлхийн худалдааны байгууллага) тохиролцсон дүрмийг дэмжиж байгаагаа дахин нотолж байна”

гэсэн байна. Удирдагчид дижитал эдийн засгийг хөгжүүлэх, инновацийн технологийг сурталлан таниулах тал дээр анхаарна гэж мэдэгдсэн байна.

Цахим дээд хэмжээний уулзалтад Америк, Австрали, Бруней, Канад, Индонез, Япон, Малайз, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур, Өмнөд Солонгос, Тайланд болон Орос улсын дээд албан тушаалтнууд оролцсон юм. Уулзалтаар шийдвэрлэсэн чухад асуудлуудын нэг нь вакцин гарган авах ажлыг дэмжих байлаа. Үүнээс гадна чөлөөт худалдааг дэмжих ажил нь ирэх 20 жилийн төлөвлөгөөний хамгийн чухад ажлуудын нэг болж байна. Манай улсын хувьд АПЕК-ийн гишүүн орноор элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тухай ТАСС мэдээллийн агентлагт дурджээ. Ирэх жил АПЕК-ийг Шинэ Зеланд улс тэргүүлэн ажиллах юм.