Үйл явдал

Чилид олныг хамарсан жагсаал цуглаан дэгдэж, эмх замбараагүй байдал үүссэнээс энэ улсын эрх баригчид улс орондоо онцгой байдал зарлаж, гудамж талбайдаа хуягт техник хэрэгсэл гаргаад байна. Чилийн иргэд төр засгаа эсэргүүцэн олныг хамарсан жагсаал хийж байгаа юм. 

Чилийн нийслэл Сантьяго хотод иргэдийн жагсаал цуглаан өдрөөс өдөрт хүрээгээ тэлэн үргэлжилж байна. Ингэхдээ Чилид дэгдсэн иргэдийн жагсаал цуглаан олон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих төлбөрийг нэмснээс болж дэгдсэн юм. Энэ сарын 6-наас эхлэн метроны үнийг 30 песогоор нэмснийг иргэд эсэргүүцэн, эхлээд тайван жагсаал хийж байсан ч улмаар цагдаа хүчнийхэнтэй мөргөлдсөн байна. Чилийн иргэд гудамж талбайдаа хаалт босгон, зам хаан үймж, худалдааны төвүүд болон автобус машин тэргийг галдан шатааж байгаа юм.