"Токио-2020" олимпийн наадамд оролцох дүрвэгсдийн багийг танилцууллаа

Үйл явдал

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлаг, ОУОХ-ны тусгай хуралдаанаар "Токио-2020" Олимпийн наадамд оролцох “олон улсын дүрвэгсдийн баг”-ийн бүрэлдэхүүнийг батлан танилцууллаа. Токиогийн Зуны Олимпийн наадамд нийт 29 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцохоор болжээ.

"Токио-2020" Олимпийн наадамд олон улсын дүрвэгсдийн туг далбаан дор нэгдэн оролцох багт 29 тамирчин багтаж, тэд спортын 12 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорино... НҮБ-ын Дүрвэгсдийн хорооны мэдээлж байгаагаар өнөөдөр дэлхий даяар 80 сая хүн дайн тулаан, улс төрийн таагүй нөхцөл байдал, бусад шалтгаанаар эх орноосоо дүрвэн, цагаач-дүрвэгсдийн эгнээнд шилжээд байгаа юм.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан Дээд комиссар Филиппо Гранди-гийн мэдээлснээр хэдийгээр хувь заяаны эрхэнд эх оронгүй, газар нутаг-оршин суух хаяггүй хүнд хэцүү нөхцөлд байгаа ч эдгээр хүмүүс, эдгээр тамирчид бусдын нэгэн адилаар хүн төрөлхтний дунд зохиогддог спортын их наадамд оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорих эрхтэй гэжээ. Хүн төрөлхтөний спортын их наадамд Олон улсын дүрвэгсдийн баг тамирчид ОУОХ-ны далбаан дор оролцож байгаа 2 дахь удаагийн тохиолдол юм. Өмнө нь 2016 онд Бразилын Рио-де-Жанейро хотод болсон Олимпийн наадамд дүрвэгсдийн баг анх удаа нэг туг далбаан дор нэгдэн оролцож байжээ.