Үйл явдал

НҮБ-ын албаны төлөөлөгч Фархан Хак Нью Йорк хотноо байрлах НҮБ-ын төв штабт Иракийн асуудлаар сэтгүүлчдэд зориулан тусгай мэдэгдэл хийжээ. Тэрээр Ирак дахь өнөөгийн нөхцөл байдал, иргэдийн жагсаал цуглааны талаар мэдээлэл өгч, цаг үеийн байдлаар сэтгүүлчидтэй харилцсан байна. 

Фархан Хак мэдэгдэлдээ Иракт сүүлийн 16 жилийн туршид АНУ тэргүүтэй Холбоотны хүчин улс оронд нь аюулгүй байдлыг сахин хамгаалж эхэлсэн цагаас хойш олон зүйл өөрчлөгдсөнийг тэмдэглэсэн байна. Хэдийгээр энэ улсад ардчилсан замаар сонгогдсон засгийн газар бий болж, олон улсад нээлттэй улс орон болсон хэдий ч сүүлийн үед Иракт иргэдийн жагсаал цуглаан газар авсаар байгаа юм. Иракийн иргэд улс оронд нь авлига, хээл хахууль газар авч, залуусын дунд ажилгүйдэл өндөр хувьтай байгааг эсэргүүцэн жагсч байна. Тэд төр засгаа улс орныхоо эдийн засгийг хөл дээр нь босгох зөв бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм. Тэгвэл НҮБ-ын албаны хүн Иракийн ард иргэдэд хандан олон нийтийг хамарсан жагсаал цуглаан явуулахдаа улсынхаа үндсэн хуулийг дээдлэн, улс орны ашиг сонирхолд нөлөөлөх хурц алхам хийхгүй байхад уриалсан байна.