Үйл явдал

Жил бүрийн 11 сарын 11-нд, хос 11 давхацсан өдөр манай урд хөршид жилийн хамгийн том хямдрал болох онлайн хямдралтай худалдаа болдог. Тэгвэл Хятадын ложистикийн албанаас гаргасан урьдчилсан тооцоогоор энэ жилийн онлайн худалдан авалтын дүнд тээвэр ложистикийн салбарынхан нийтдээ 2,8 тэрбум хайрцаг бараа таваарыг захиалсан эздэд нь хүргэх томоохон, хариуцлагатай ажил гүйцэтгэх нь ээ...

Хос 11-ийн тоог Хятадууд ихэд билэгшээж, анх 2009 онд Алибаба групп энэ өдрийг сонгон онлайн худалдааны хамгийн томоохон хямдралтай худалдааг зохион байгуулах болжээ. Энэ өдөр Хятадын томоохон онлайн платформууд жилийн хамгийн томоохон супер хямдралаа зарлаж, “хос 11” буюу мөн өөрөөр “ганц биечүүдийн өдөр” болгон тэмдэглэдэг юм. Тэгвэл хямдралтай худалдаа зарлагдсан өдрийн захиалга хийгдсэний дараа 11-18-ны өдрүүдэд Хятадын шуудан харилцааны алба нийтдээ 350 сая ширхэг илгээмжийг эздэд нь хүргэх ажил гүйцэтгэх гэнэ. Энэ нь жирийн өдрүүдийнхээс бараг 2 дахин их ачаа барааг хуваарилан, хаягийн дагуу хүргэнэ гэсэн үг юм.