Казахстанд зэвсгийн агуулахад дэлбэрэлт болж 12 хүн амиа алдлаа

Үйл явдал

Казахстаны Жамбыл дүүрэгт армийн зэвсгийн агуулахад болсон дэлбэрэлтийн дагуу энэ улсын онцгой байдлын алба, армийн удирдлага тусгай ажлын хэсэг гарган мөрдөн шалгах ажил явуулж эхэлжээ. Армийн зэвсгийн агуулахад хүчтэй дэлбэрэлт болж, араас нь гал гарсны улмаас 12 хүн амиа алдаж, 98 хүн гэмтэж шархадсан байна.

 Зэвсгийн агуулахад болсон дэлбэрэлтэд Казахстаны онцгой байдлын албаны ажилтнууд байгаа юм. Тэд эхний дэлбэрэлтийн дараа дэгдсэн түймрийг унтраахаар явж байгаад амиа алдсан байна. Түүнчлэн золгүй явдлын улмаас 50 гаруй аврагч гэмтэж түлэгджээ. Зэвсгийн агуулахад болсон эхний дэлбэрэлтийн дараагаар 6-10 удаа дэлбэрэлт болж, агуулахаас 10-аад км-ийн зайтай байрлах Тараз хотын төвд дэлбэрэлтийн дуу чимээ сонсдож байжээ.

Казахстаны батлан хамгаалахын сайд Нурлан Ермекбаев албан тушаалаасаа огцроход бэлэн гэдгээ мэдэгдэн, улсынхаа өмнөд хэсэгт зэвсгийн агуулах шинээр барих ажлыг түргэсгэхийг үүрэгдсэн байна. Түүнчлэн дэлбэрэлт болсон агуулахын ойролцоох суурин газруудаас иргэдийг нь нүүлгэн шилжүүлжээ. Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дахин ийм явдал давтагдуулахгүй байхыг үүрэгдэж, агуулахад болсон дэлбэрэлтийн учруулсан хохиролыг шуурхай арилгаж зохих арга хэмжээ цаг алдалгүй авахыг даалгасан байна.