Үйл явдал

Японы автомашин үйлдвэрлэгч Nissan Motor компанийн шинэ гүйцэтгэх захирал энэ сарын 1-нээс эхлэн ажил үүрэгтээ албан ёсоор оржээ. Nissan компанийн удирдлагын багт албан тушаалаа урвуулан ашигласан, хэт их шан харамж, шагналт цалин авсан гэх хэл ам гарснаас хойш ихээхэн шуугиан дэгдэж, өмнөх удирдлага нь ажлаасаа халагдан улмаар компанийн үйл ажиллагаанд энэ бүхэн сөргөөр нөлөөлөөд байсан юм.

Тэгвэл Nissan компанийг энэ хүнд цаг үед нь тэргүүлэхээр сонгогдсон шинэ удирдлага 12-р сарын 1-нээс эхлэн үүрэгт ажилдаа оржээ. 2018 оны 11-р сард Nissan Motor компанийн топ менежер Карлос Гоныг ашиг орлогоо нуун дарагдуулж, татвараас зайлсхийсэн, авлига хээл хахууль авч, санхүүгийн хууль бус үйл ажиллагаа явуулсан хэргээр баривчилж, ихээхэн шуугиан дэгдээж байсан юм. Карлос Гоныг баривчилсны дараагаар Nissan компанийн ерөнхйилөгч Хирото Саикава мөн өөртөө хууль бусаар их хэмжээний бонус цалин авч байсан нь илэрч, албан тушаалааса бууж түүнийг саяхныг хүртэл Ясухиро Ямаучи түр хугацаагаар орлон компаниа тэргүүлж байжээ. Тэгвэл 12-р сарын 1-нээс эхлэн Nissan Motor компанийн шинэ тэргүүнээр Макото Учида сонгогдон албан үүрэгтээ орсон байна. Тэрээр шинэ албандаа орсон даруйдаа хэвлэлийн бага хурал хийлгэж, цаашид компанийн бизнесийг АНУ дахь үйл ажиллагаагаа бэхжүүлэх замаар нөхөж, компанийхаа ашиг орлогыг дээшлүүлэн, хэвийн үйл ажиллагаанд оруулахаа мэдэгджээ.