“Ида” хар шуурганы улмаас 2 сая гаруй иргэн эрчим хүчгүй хоцорчээ

Үйл явдал

Америкийн Луизиана мужийн эрэгт хүрсэн Ида далайн хар шуурганы улмаас 2 сая гаруй иргэн эрчим хүчгүй хоцорч, 1 хүн амиа алдан, их хэмжээний хохирол учруулжээ. Америкийн байгалийн онц үзэгдэл судлах үндэсний төвийн мэдээлж байгаагаар Ида хар шуурганы хүч ням гарагт цагт 240 км хүртэл ширүүсэн шуурч байсан бол эх газарт хүрснийхээ дараа хүчээ гээн цагт 120 км-ийн хурдтай болжээ. 

Атлантын далайн уснаа дэгдсэн Ида далайн хар шуурганд Саффир-Симпсоны шаталбараар 4-р зэргийн аюулын түвшин тогтоожээ. Энэ нь дээрээсээ 2 дахь түвшний аюулын зэрэг юм. Луизиана мужийн амбан захирагч Жон Бел Эдвардсын мэдээлж байгаагаар гамшигт үзэгдлийн улмаас сая гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй хоцорсон гэж байсан бол сүүлд энэ тоо дахин нэмэгдсэн байна.

Түүнчлэн гамшигт үзэгдэлд өртсөн нутагт иргэд ундны усгүй хоцорчээ. Гамшгийн бүсэд олон тооны барилга байшин эвдэрч сүйдэн, мод бут үндсээрээ булгарсан байна.

Гамшигт үзэгдэл нүүрлэсэн бүсэд 1,600 гаруй хүн аврах ажиллагаанд оролцож байгаа юм. Түүнчлэн гамшгийн учруулсан хор хохиролыг арилгахад 34 нисдэг тэрэг, онгоц, мөн 200-аад машин тэрэг дайчилжээ.