Үйл явдал

Тайландын шүүх байгууллага одоогоос 17 жилийн өмнө байгалийн хийн хоолой барьж байгуулах төслийн эсрэг жагсаал цуглаан хийсэн иргэдийг хүч түрэмгийлэн дарсан хэргээр шүүгдэж байсан Үндэсний цагдаагийн албаны дарга болон нэр бүхий 5 цагдаагийн ажилтны эсрэг хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ.

2002 оны 12-р сарын 20-нд Тайландын Хатьяй хотын JB зочид буудлын өмнө мянгаад хүн цуглаж, байгалийн хийн хоолой барьж байгуулах төслийг эсэргүүцэн жагссан юм. Энэ үеэр жагсагчдыг тараахын тулд тухайн үеийн цагдаагийн газрын дарга Сант Сарута-нонд жагсагчдыг хүч хэрэглэн тараах тушаал өгч, улмаар олон хүн гэмтэж бэртсэн байна. Энэ явдлын дараагаар шүүхэд 25 гомдол санал ирж, хууль хүчнийхэн жагсагчдыг хүч хэрэглэн тараасан хэргээр хавтаст хэрэг нээн шалгаж эхэлжээ. Гэсэн ч олон жилийн дараагаар Сонхла мужийн шүүх байгууллага цагдаагийн ажилтнуудыг үүрэгт ажлаа хийсэн гэж үзэн, тэдний эсрэг хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ.