Монгол хүүхдүүд НҮБ-ын дүрмийг Монгол бичигт буулгалаа

Нийгэм

 

Монгол Улс Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орон болсны 60 жилийн ойн хүрээнд НҮБ-ын дүрмийг анх удаа босоо Монгол бичгээр бичсэн ном бүтээжээ.

Энэ гайхалтай үйлсэд Монгол улсын өнцөг булан бүрт байх 37 хүүхэд оролцон таван сарын турш бүтээсэн байна. Монгол бичгээр бичигдсэн цор ганц хувилбарт энэ ном НҮБ-ын төв байранд хадгалагдах юм. НҮБ-ийн суурин зохицуулагч Тапан Мишра арваннэгдүгээр сард биечлэн очиж НҮБ-д хүлээлгэн өгнө гэлээ. 

 

21 аймаг нийслэлийн 9 дүүргийн уран бичигтэн хүүхдүүд НҮБ-ын дүрмийг Монгол бичгээр тэр дундаа биирээр уран бичжээ. Таван сарын хугацаанд бүтсэн энэ гайхалтай бүтээлийг 11-19 насны хүүхдүүд бичсэн байна. Үндэсний Монгол бичгээ дотоод гадаадад сурталчилах, дэлхий нийтийн анхаарлын төвд бодитойгоор хүргэхийг зорьж энэхүү бүтээлийг урлажээ.

 

НҮБ-ын дүрмийг Монгол бичгээр бичиж буй нь өвөг дээдсээс уламжлагдан ирсэн монгол бичгээ дээдлэн хайрлаж, цаашид түгээн дэлгэрүүлэх, бүх нийтийн хэрэглээ болгож, үр хойчдоо нэр төртэй өвлүүлэх хүсэл эрмэлзэлтэйг дэлхий нийтийн сонорт хүргэж байгаа түүхэн үйл явдал болохыг албаныхан онцоллоо.