Үйл явдал

Сүүлийн бараг 5 сарын туршид ойн түймэрт автан шатаж байгаа Австрали тивийн зүүн хэсгээр цаг агаар сэрүүсч, удаан хүлээлгэсэн хур бороо орж эхэлжээ. Орон нутгийн эрх баригчид нь бороо ойрын хэдэн хоногтоо үргэлжлэн орвол түймрийн голомтуудыг унтрааж чадна гэж найдаж байна. Австралид нүүрлэсэн түймрийн гамшгийн улмаас 28 хүн амиа алдаж, бараг тэрбум гаруй ан амьтан үхэж үрэгдээд байгаа юм. 

Австралид халууны улирал эрт эхэлж, хэт хуурай салхитай байснаас ойн түймэр дэгдсэн юм. Өнгөрсөн оны 9-р сараас хойш мөнх ногоон тив түймэрт автан шатаж байгаа юм. Өнгөрсөн 12-р сард Австралид агаарын дундаж температур Цельсийн 42 градус хүртэл халж, түймэрт 2 мянга гаруй барилга байшин шатаж, 10 сая га ойн бүс үнс нурам болоод байгаа юм. Түймэрт Австралийн зүүн өмнөд хэсэгт байрлах Шинэ Өмнөд Уэльс муж хамгийн ихээр өртөн шатсан. Тэгвэл 1-р сар гарснаар цаг агаарын байдал өөрчлөгдөж, сэрүүсч, бороо орж эхэлж байгаа нь Австралийн иргэдэд түймрийн голомтыг унтрааж, бага боловч амьсгаа авах зав чөлөө олгоно гэж найдаж байна.